Бээжинд болж байгаа олимпийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулж байгаа нь наадмын эхний долоо хоногт мэдрэгдэж байна. Наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх захирал Жильбер Фелли энэ тухай мэдэгдэв. Оросын төлөөлөгчдийн албаны хүн энэ үнэлгээг бүрэн дэмжиж байна. Манай тоймч Константин Гарибов дэлгэрэнгүйг хүргэнэ. Олимпийн тосгоны тамирчдын оршин суух нөхцөл, хоол унд, тэмцээн уралдаан зохион явуулж байгаа газрын тухайд олон улсын олимпийн хороонд шүүмжлэх зүйл байхгүй байна. Дэд бүтэц тэр дундаа тээврийн салбар зохих шаардлагыг бүрэн хангаж байна. Тэмцээн уралдаан, мөн шагнал гардуулах ёслол гойд сайн зохион байгуулалттай болж байгаа тухай Олон улсын олимпийн хорооны дарга онцлон тэмдэглэв.Оросын албан ёсны төлөөлөгчдөд наадмын талаар шүүмжлэх зүйл байхгүй байна гэж Орос улсын олимпийн хорооны хэвлэлийн атташе Геннадий Швец “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдав. «Би олимпийн олон наадамд оролцож явлаа. Тээврийн асар их тулгамдсан асуудалтай тулгарсан Турин, Афиныг эс тооцвол олимпийн бүх наадам бага зэрэг эсвэл их сайн зохион байгуулалттай болж байсан. Бээжингийн олимпийн наадамд оролцож байгаа тамирчид, албан тушаалтан, зочдод наадмыг зохион байгуулалтын тухайд шүүмжлэх зүйл байхгүй гэж хэлэв. Спортын объект тамирчдын амьдарч байгаа газар ойрхон байгаа нь их тохиромжтой байна. Үйлчилгээний ажилтнуудыг маш сайн бэлтгэжээ. Сайн дурынхан зочдод их анхаарал хандуулж, анхааруулж байсан. Тэд англи хэл төдий л мэдэхгүй ч, бидэнд, олимпийн наадамд оролцогчдод чин сэтгэлээсээ тусалж, өөрт ноогдсон ажлаа сайн хийж байна. Ер нь наадам сайхан болж байна хэмээн Геннадий Швец тэмдэглэв. Олимпийн наадмын явцад гарч буй асуудлыг зохион байгуулагчид шуурхай, хамтран ажиллах замаар шийдвэрлэхийг хичээж байна. Наадмын спортын гол объект, олимпийн тосгон орших “ногоон бүс”-ийг маш сайн хамгаалж байгаа учраас энгийн хүн нэвтрэх боломжгүй байгаад Олон улсын олимпийн хорооны удирдлага сэтгэл дундуур байна. Тухайлбал нэг өдөр ногоон бүст 40 мянган хүн оржээ. Энэ тоо 200 мянга байх ёстой гэж Олон улсын олимпийн хорооны удирдлага үзэж байна. “Ногоон бүст” нэвтэрч байгаа хүмүүсийн тоо үнэхээр цөөн байгааг зохион байгуулагчид хүлээн зөвшөөрч, аюулгүй байдалд хор хохирол учруулалгүй энэ хүсэлтийг харгалзана хэмээн амлажээ. Хамгаалалт дэндүү чанга байна гэж хүмүүс ярьж байна. Сэтгэцийн эмгэгтэй хятад иргэн америкийн жуулчны аминд хүрсэн хэрэг гарсны дараа наадмын аюулгүй байдлыг хангах журмыг илүү чангалсан юм. Тэмцээн уралдаан, бэлтгэл хийх танхим, оршин суугаа газар ямар нэг хэрэг түвэг гараагүй байна. Наадам эхлэхээс долоо хоногийн өмнө Хятадын баруун зүүн хэсгийн хоёр газар хэт даврагчид хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан юм. Цагдаагийн нэмэлт хүчийг тийш илгээжээ. Наадмын аюулгүй байдалд ямар нэг бодит аюул занал байхгүй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>