Уламжлал ёсоор энэ хугацаанд ямар ч улс төрчийн шинэ албан тушаалд сонгогдсоноос хойш хийсэн ажлыг дүгнэдэг. Д.Медведев төрийн эрхэнд гарсан даруйдаа сонгуулийн өмнө тодорхойлсон тэргүүн зэргийн зорилтыг биелүүлэхэд анхаарал хандуулав. Эдгээр зорилтын нэг нь хуулийг дээдлэх явдал юм. Улс төр, эдийн засгийн харилцаа холбооны агентлагийн ерөнхий захирал Дмитрий Орлов манай радиод жич өгсөн ярилцлагадаа шинэ ерөнхийлөгчийн ажлыг анх удаа ийнхүү үнэлэв. «Тэрээр шүүхийн шинэчлэл, үндэсний авилгын эсрэг төлөвлөгөөг санаачиллаа. Тэрээр дэлхийн санхүүгийн хямарлыг даван туулах арга замыг тодорхойлсон. Ерөнхийлөгч зорилтынхоо хүрээнд, нээлттэй, арга зүйтэй, тууштай, тайван байсан. Тэрээр үйл ажиллагааны үндэс болсон үнэт зүйл, зорилтын талаар тодорхой ярьсан. Хүчтэй эдийн засаг, үр нөлөөтэй нийгмийн орчин, авилга, ядуурлыг бууруулах, хил залгаа улсуудтай хэвийн харилцаа тогтоох зэрэг амьдралд ойрхон зорилт хэрэгжүүлж байна. Түүний ашиглаж байгаа арга хэрэгслийн тухай ярихад ерөнхийлөгч янз бүрийн давхаргын хүмүүстэй улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын талаар нээлттэй ярилцаж байна. Д.Медведев парламент, ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд бүрэлдсэн шинэ олонхид тулгуурлан бодлогоо хэрэгжүүлж байна. Владимир Путины залгамж, ижил бодлогын тухайд ялгаа байна. Хэв маягийн хувьд бага зэрэг өөрчлөлт байна. Шинэ ерөнхийлөгчийн хэв маягийг “аажим урсгал” гэж тодорхойлж болохоор байна. Тэр тууштай, тэвчээртэй, яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэдий ч, урьдаар боловсруулсан байр сууринаасаа хэзээ ч буцдаггүй». Д.Медведев төрийн эрхэнд гарсан 100 хоногийн гол ажил Өмнөд Осетид амжилттай ажиллагаа явуулсан явдал юм. Оросын анги нэгтгэлүүд хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсыг хяналтандаа авах гүржийн цэргийнхний оролдлогыг зогсоосон юм. Энэ үйл явдал шинэ ерөнхийлөгч төдийгүй бүх Орос улсад сорил болсон. Орос, Гүржийн хямрал сунжирч магадгүй хэмээн олон улсын хамтын нийгэмлэг болгоомжилж байсан ч, Д.Медведев цэргийн ажиллагаа эхэлснээс хойш 5 хоногийн дараа тавьсан зорилтоо биелүүлсэн хэмээн зарлаж, оросын цэргийн ажиллагааг зогсоосон юм. Орос улс урьдын адил олон улсын хууль эрхийн хэм хэмжээнд тулгуурласан чанд хатуу гадаад бодлоготой болохыг ерөнхийлөгчийн үйлдэл харууллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>