“Мир” аппаратуудыг усанд анх шумбуулахад нуурын ус, ёроол таамаглаж байснаас илүү цэвэрхэн байлаа. Төрийн Думын гишүүн, нэрд гарсан эрдэмтэн судлаач Артур Чилингаров энэ тухай мэдэгдэв. “Мир-1”, “Мир-2” шумбагч аппарат 1,5 гаруй км гүнд шумбасан юм. Эдгээр аппарат ёроолын хөрс, гүний уснаас дээж авч, гэрэл зургийн болон дүрс бичлэгийн ажиглалт хийжээ. Хэд хэдэн нээлт хийгээд байна гэж Артур Чилингаров хэллээ. «Нэгдүгээрт нуурын гүн урьд тэмдэглэснээс бага байна. Бид нуурын гүнийг 1 км 580 метр хэмээн тэмдэглэсэн бол хожим 1 км 620 метр хүртэл хэлбэлзэж байгааг тогтоосон. Бид ямар нэг дээд амжилт тогтоохыг зориогүй. Бид анх удаа Байгаль нуурын 5 орчим км гүнд нэвтэрсэн. Нуур цэвэр устай байна гэсэн анхны дүгнэлт хийсэн. Бид гүнийн уснаас дээж авсан. Бид энэ усыг уусан. Хачин цэвэр ус байсан» гэж А.Чилингаров хэллээ. Нуурыг цэвэрлэдэг хэмээн үздэг хавч гэх мэт усны гүний хэд хэдэн амьтныг экспидицийнхан гаргаж авсан. Эрдэмтэд Байгаль нуурын амьтны ертөнцийг цаашид ч судална. Нууранд 2600 гаруй төрөл зүйлийн ургамал, амьтан оршин байдаг бөгөөд эдгээрийн олонх нь дэлхийн бөмбөрцөгийн өөр ганц ч усан санд байхгүй юм. Эрдэмтэд “Мир” аппаратын тусламжтайгаар Байгаль нуурын гүнийн багагүй нууцыг тайлах бодолтой байна. Оросын шинжлэх ухаан академийн бэлтгэсэн нуур судлах хөтөлбөрөөр нуурын геологийн бүтэц, энгэр, үүсэл зэргийг судална. Энэ бүхэнд тулгуурлан Байгаль нуурын үүсэл гарлыг тайлах боломжтой юм. Гүнийн усны шавар галт уул, хийн гидратын оршидос, Байгаль нуурын усанд нефть орох ух үүсвэрийг судлахаар төлөвлөж байна. Нуурын гүнээс жил тутам 4 тонн орчим нефть ялгарсныг бичил организмууд залгидаг байна. Экспидиц 2 жил ажиллана. Байгал нуурын янз бүрийн цэгт “Мир-1”, “Мир-2” аппаратыг 160 орчим удаа шумбуулна. Эрдэмтэд анх удаа Байгалийн гайхалтай объектыг ийм дэлгэрэнгүй судалж байна. 25 сая жилийн настай гэгддэг Байгал нуурыг дэлхийн хамгийн гүнзгий нуур гэж үздэг юм. Энэ нуур дэлхийн цэвэр усны 20 хувийг агуулдаг бөгөөд ЮНЕСКО-ийн байгалийн өвийн жагсаалтад багтсан юм. Байгаль нуурт хийсэн судалгааны дүнд дэлхийн гайхалтай нуурыг хадгалж, хамгаалах цогц хөтөлбөр боловсруулна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>