Foto http://khasan-district.narod.ruХасан нуурт болсон хэрэг явдлын 70 жилийн ойг энэ өдрүүдэд Орос Улсад тэмдэглэж байна. 1938 оны зургаа-наймдугаар сард Хасан нуурт болсон хэрэг явдлын шалтгааныг 1946-1948 онд японы цэргийн гол гэмт хэрэгтнуудыг шүүсэн Токиогийн онц шүүхээр хэлэлцжээ. Тэр үед хэрэгтнуудийн өмгөөлөгчид Хасан нуурын хавьд болсон хэрэг явдлыг хилийн шугам тод биш байсан газарт болсон хилийн ялигүй будлиан болгон харуулах талаар багагүй чармайж, үүнийг ЗХУ-ын эсрэг турэмгийлэл гэж үзэж болохгүй гэж нотолж байв. Японы армийн ажиллагааг зөвтгөхийг өнөөдөр ч оролдсоор буй түүхч ургах нарны оронд цөөнгүй бий. 1936 оны 11-р сард Япон Улс Германи Улстай ЗХУ-ын эсрэг чиглэсэн «коминтерний эсрэг» гэрээ байгуулж, зөвлөлтийн хилийн дэргэд байрласан Японы Квантуны армийн хүчийг түргэн нэмэгдүүлэх болжээ. ЗХУ-тай «том дайнд» бэлтгэх зорилгоор төсвийн зардлаа эрс нэмэгдүүлэх шаардлагаа үндэстэй болгохын тулд хуурай замын хүчний командлал «зөвлөлтийн аюул нэмэгдэж буйгаар» халхавчлан суртал нэвтрүүлгийн кампани дэгдээв. Япон генералууд хоосон тоо дурдаж, Алс дорнодод улаан армийн цэргийн тоо нэмэгдсэн мэтээр ярьж, энэ нь Японы батлан хамгаалалтад хямрал учруулав гэж нотолж байлаа. Энэхүү зохиомол сэдвийг нотлохын тулд армийн командлал хилийн олон будлианыг зориуд өдөөжээ. Үл довтлолцох тухай гэрээ байгуулах тухай ЗХУ-ын саналыг Японы засгийн газар мугуйдлан няцааж, зөвлөлт-японы зэвсэгт мөргөлдөөний аюул улам бодитой болсон нөхцөлд Зөвлөлтийн удирдлага улсын зүүн нутагт батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх талаар санаа тавихад арга буюу хүрэв. Цэргийн тоо нэмэгдэж, Алс дорнодод танкийн болон нисэх онгоцны ангиуд бий болж, Номхон далайн флот хүчтэй болж, бэхлэлт барьж байв. Эдгээр арга хэмжээ хориглолтын шинжтэй байсан бөгөөд хил хамгаалахад шаардлагатай түвшингээс давсангүй. Зөвлөлтийн цэргийн бүлгийг хүчтэй болгосоны сацуу зөвлөлт-манжуурын хилийн урьд бэхлээгүй хэсгийг инженерийн хувьд тоноглож байв. Хилийн тийм хэсгийн нэг нь Хасан нуураас баруун тийш орших Заозерная болон Нэргүй өндөрлөг байв. «Текохо өндөрлөг дэх зөвлөлтийн цэрэг рүү довтолж, үүнд ЗХУ хэрхэн хандахыг тодруулах. Үүнийг ашиглан энэ нутагт зөвлөлүүдийн хүчийг тандах» санаа Японы жанжин штабт бий болжээ. Хасан нуурын хавьд гарсан хилийн будлианыг ашиглах талаар Японы командлалын сэдсэн санааг шинжлэхдээ тэр үед Хятадад болж байсан байлдааны байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. 1938 оны зун Японы хуурай замын бүх хүчний гуравны хоёр, чухамхуу 23 дивиз Хятадын фронтод байжээ. Манжуур болон Солонгост ЗХУ-ын эсрэг чиглэсэн 9 дивиз байв. Ийм нөхцөлд ЗХУ-тай дайтаж эхлэх нь зүрхэлсэн ажиллагаа байв. Гэсэн ч Токиогийнхон япон цэрэг хятадын Ухань хотыг эзэлбэл ЗХУ япон цэргийн ар талд цохилт өгөх эсэхийг том биш ажиллагаа явуулж туршихаар шийджээ. Жанжин штабын оперативын удирдламжийн санаанд «Байлдах, тэгэхдээ байлдааны ажиллагааны хэмжээг шаардлагын хэмжээнээс давуулахгүй байх. Нисэх хучин хэрэглэхгүй байх. Байлдааны ажиллагаа явуулахад Солонгосын армиас нэг дивиз гаргахаар» заажээ.Японы армийн түрэмгий ажиллагаа ЗХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчлөө. 8-р сарын 1-нд Сталин япончуудыг эзэлсэн нутгаас нь ховх цохин гаргахыг Алс дорнодын фронтын командлагч маршал Василий Блюхерт биечлэн тушаав. Байлдаан болох газар хоёр хоногийн дотор 15 мянган хүн, 1014 пулемет, 237 их буу, 285 танк бөөгнөрүүлж чаджээ. Буучийн 39-р корпусын бүрэлдүүнд 32 мянган хүн, 609 их буу, 345 танк байв. Газрын байлдааныг дэмжихээр 250 нисэх онгоц гаргажээ.Зөвлөлтийн цэргийн тийм их хүчтэй бүлэг төвлөрсөн тухай мэдээ авсан Японы засгийн газар ноцтой түгшив. Байлдааныг хоёр тал зогсоож, мөргөлдөөнийг даруй зохицуулах Токиогийн саналыг 8-р сарын 4-нд элчин сайд Сигэмицу Гадаад хэргийн ардын комиссар Литвиновт өгчээ. Гэхдээ Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн, ухрахыг зөвшөөрөв. Япончууд эзэлж авсан өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хэлэлцээ хийж эхлэхийг хичээж байсан нь тодорхой байв. Буучийн 39-р корпусын захирагч Штерн Москвагийн удирдамжийг биелүүлэн, 8-р сарын 6-нд ерөнхий давшилтад орж, хойноос нь болон өмнөөс нь нэгэн зэрэг цохиж, дайсны цэргийг Түмэн уул гол, Хасан нуурын хоорондох зурваст шахан устгахыг тушаажээ. Ширүүн байлдаан 8-р сарын 9 хүртэл үргэлжлэв. Дөрвөн өдрийн дотор японы цэргийг эзэлж байсан нутгаас нь ховх цохин гаргав. 8-р сарын 11-нд байлдаан зогсов. Тэр үед Японы эзэлсэн хилийн бүх өндөрлөгийг чөлөөлж, зөвлөлтийн цэрэг эзэлжээ. Приморьд явуулсан байлдаан зөвлөлтийн алс дорнодын цэргийн хувьд ноцтой сорилт болов. Хасан нуурын хавьд болсон тулалдаанд Улаан арми иргэний дайнаас хойш анхудаа хүчтэй том улсын жинхэнэ армитай тулалдсан юм. Энэ хэрэг явдал алагдсан, шархадсан цэргийн тоогоор орон нутгийн дайны байдалтай байв. Токиогийн онц шүүхийн ялын тогтоолд заасан нь «Халдан довтолсон нь нэг бол энэ нутагт ЗХУ-ын хүчийг тандах, эсвэл Владивосток, Приморьт хүрэх замын дагуух стратегийн хувьд чухал нутгийг эзлэх зорилготой байв… Цэргийн ажиллагааг япончууд эхлүүлсэн гэж онц шүүх үзэж байна. .. Японы цэргийн ажиллагаа илэрхий түрэмгий шинжтэй гэж онц шүүх узэж байна». Энэ дүгнэлтийг «няцаах», токиогийн шүүх хурлыг «ялагчдын буруу шүүх» гэж нэрлэх гэсэн оролдлогыг дэлхийн хоёр дугаар дайны түүхийг хянаж үзэх, Японыг дэлхийн яргалал өдөөгчдийн нэг биш, харин том гүрнүүд, түүний дотор ЗХУ-ын бодлогын золиос болсон мэтээр харуулах талаар Японд дэгдсэн ажиллагааны хүрээнд явуулж байна. Гэвч орчин цагийн ихэнх япон хүн улсынхаа өнгөрсөн милитарист үеийг буруушааж, японы түрэмгийллийг зөвтгөсөн сурах бичгээр сургуулиудад хичээл заах, олон улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдсан японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн сүнсэд Ясукуни сүмд албан ёсоор шүтэхийг эсэргүүцэж байна. Тэднийг өс хонзон авах гэсэндээ биш, харин 70 жилийн өмнө Хасаны будлианд олон хүний амь үрсэн зэрэг тодорхой үйлдлийн төлөөнөө цаазаар авсан нь тодорхой билээ.

<сонсох>