Foto http://images.google.ruБуриадын бүгд найрамдах улсын нийслэл Улан-Удийн жүжигчид өөрсдөө байгалийн байдал гэж нэрлэсэн ер бусын жүжгийг халимагийн үзэгчдэд хүргэв. Буриадын бүгд найрамдах улсын “Үлгэр” хүүхэлдэйн театрынхан Элистэд аялан тоглолт хийлээ. Зочид Халимагийн нийслэлийн төвд орших амралт, соелын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд Павел Павловын “Тэнгэрийн аргамаг” жүжгээ толилуулав. Өнгөрсөн намар Улан-Үдэд болсон наадамд энэ жүжиг Сибирийн хүүхэлдэйн театруудын үзүүлсэн жүжгээс шалгарсан юм. Энэ удаа задгай талбайд жүжиг толилуулав. Ой мод, тал газар, одод түгсэн тэнгэр зэрэг нь энэ жүжгийн жинхэнэ тайз чимэглэл хэмээн жүжигчид ярьж байна. Халимагийн үзэгчид тува, монгол, япон, хятад, буриадын үлгэр, Гэсэрийн туужаас сэдэвлсэн жүжгийг сонирхов. Монгол хэлтэн ард түмний морин хуур хөгжмийн зэмсгийн гарал үүслийн тухай гайхалтай домогт тулгуурлан жүжиг туурвижээ. Жүжгийг голдуу буриад хэлээр хүргэсэн юм. Хөгжим, өнгө будаг хосолсон хүүхэлдэй, уран үг зэрэг нь үзэгчдийг сэргээж, үлгэрийн ертөнцөд аваачиж байлаа. Хүүхдүүд хамгийн их баярлаж байв. Тэд сэтгэл хөдлөлөө нуулгүй, гол баатарын хувь заяанд сэтгэлээсээ түгшиж байсан юм. Буриадын “Үлгэр” хүүхэлдэйн театр орос улсын болон олон улсын театрын наадамд идэвхтэй оролцдог байна. Тус театрын нэг жүжиг хэдэн жилийн өмнө театрын дээд шагнал хүртсэн гэж театрын жүжигчин Дэмбэрэл Улзутуев ярьж байна. “Бид 2006 онд “Шилдэг хүүхэлдэйн театр”, “Шилдэг жүжиг” төрөлд “Дуут сум” жүжгээрээ оросын дээд шагнал “Алтан баг“ хүртсэн юм. Харин энэ оны 4-р сард “Шилдэг найруулга” төрөлд шагнал хүртсэн. Манай театрын жүжигчин Оксана Ладоева “Шилдэг жүжигчин” төрөлд тэргүүн шагнал хүртсэн. Манай театр одоо нийт 3 “Алтан баг” хүртсэн”. “Үлгэр” театр Элистэд тоглолтоо хийсний дараа Европт аялан тоглолт хийхээр явлаа. Буриадын хүүхэлдэйн театрын жүжиг амжилттай болж өнгөрч байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>