Foto http://www.albadomus.ruХятад улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэргүүлэх орны тоонд орлоо хэмээн “Дэ климат груп” хараат бус байгууллагын илтгэлд дурджээ. Ийм эх үүсвэрт нарны эрчим хүч, салхи, далайн түлхэл, усны гидро эрчим хүч зэрэг багтдаг. Харин сүүлчийн эх үүсвэр үр нөлөөтэй эсэх нь эргэлзээтэй. Гидроэлектростанц усан агуулахын хамт байгаль орчинд арилшгүй хор хохирол учруулж буйг олон жилийн туршлага харуулж байна. Хятад улс өнгөрсөн жил салхин хөдөлгүүр бүтээхэд 12 тэрбум долларын хөрөнгө оруулсан юм. Одоохондоо тус улс энэ салбарт Германы дараа орж байгаа ч, ирэх жил нэгдүгээр байрт орж магадгүй байна. Хятад улсын хувьд энэ нь үнэхээр чухал асуудал юм. Хот, тосгонд одоохондоо нүүрснээс эрчим хүч гарган авч байна. Тус улсын нүүрсний үйлдвэрүүд хуучирсан учраас жил бүр уурхайд мянга биш юм гэхэд хэдэн зуун хүн амиа алдаж байна. Агаар мандалыг хүлэмжийн хийгээр бохирдуулж байгаа гол байгууллага нь нүүрсний цахилгаан станц юм. Харин энэ үзүүлэлтээр Хятад улс АНУ-ын дараа 2-р байрт ордог. Экологид хал багатай гэж хэлж болох нефть, хийн бүтээгдэхүүн цэвэр түлш ашиглахад мөн л түвэгтэй байна. Эрчим хүчний ийм түүхий эдийн нөөц БНХАУ-д нэлээд хязгаарлагдмал байна. Хятад улс үндэсний эдийн засгаа эрчим хүчний илүү цэвэр эх үүсвэрт шилжүүлэхийг эрмэлзэж байгаа нь ойлгомжтой юм. Асар уудам нутагт салхин хөдөлгүүрийг өргөн ашиглах боломж гарч байна. Олон муж, автономит нутагт жилийн турш салхи салхилдаг. Нарны зай ашиглах боломжтой. Тосгон төдийгүй дунд зэргийн болон том хотуудад орон сууцыг дулаанаар хангах, ус халаах зэрэгт нарны зай ашиглах бүрэн боломжтой юм. Хүрээлэн буй орчныг хамгаалах, агаар мандалыг цэвэр байлгахад Бээжин дорвитой анхаарал хандуулж байна. Гэхдээ зөвхөн олимпийн наадмын үеэр ийнхүү анхаарал хандуулж байгаа биш юм. Наадмын үеэр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг хязгаарласан нь хятадын нийслэлийн агаар мандалд нааштай нөлөөлж байна. Бээжин хотын оршин суугчид төдийгүй зочид үүнийг тэмдэглэж байна. Олимпийн наадам дуусч, экологийн асуудал хэвээр үлдэнэ. Хятад улсын удирдлага үүнийг маш сайн ойлгож байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>