Наймдугаар сарын 5-нд Бээжин хотноо олимпийн тосгонд Оросын далбаа мандуулав. Оросын олимпийн тамирчдын багийн албан ёсны анхны энэ арга хэмжээгээр тэдний энэ наадамд оролцох гараа хэрэг дээрээ эхэллээ. Олимпийн тосгонд Оросын далбаа мандуулсан нь багийнхан нийтээрээ олимпийн Хартийн узэл санааг дагаж, ялахын төлөө шудрагаар тэмцэлдэнэ гэсэн үг. Тамирчин бүрийн хувьд далбаа мандуулж, төрийн дуулал эгшиглүүлэх нь бас Олимпийн наадамд ялахын тулд бүхнийг хийхийг тангараглаж байгаа хэрэг юм. «Тамирчид, дасгалжуулагчид, багийнхантай холбоотой бүхэн энэ агшинд бусдаас өндөр, сайн, хурдтай байх сэтгэл өвөрлөж байдаг гэж Оросын үндэсний олимпийн хорооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Геннадий Швец ярьж байна. Энэ агшинд нийт багт, тамирчин бүрийд ямар нэг давтагдашгуй сэтгэл төрдгийг би анзаарсан. Энэ нь чи олон улсын олимпийн хороонд багтдаг 205 үндэстний дотор нэгэн гэр бүлд аж төрж байна гэсэн сэтгэл юм. Нөгөө талаас олимпийн тосгонд далбаагаа мандуулах агшин нь шагнах ёслол дээр тэр далбааг бусдаас өндөр байхыг харах хүсэл бий болгодог гэж Швец тэмдэглэлээ. Бээжин дэх Оросын баг хамгийн олон хүнтэй багийн нэг. Хөнгөн атлетикийн тамирчид, гимнастикчид, бөх, боксчид, спортын тоглолтын төрлийн багийнханы ялалтад хөгжөөн дэмжигчид их найдвар тавьж байна. Дэлхийн болон европын аварга шалгаруулах тэмцээн, олон улсын бусад том тэмцээн, түүний дотор арилжааны тэмцээнд гаргасан амжилтаас үзвэл, оросын олимпийн тамирчид 80-90 медаль, түүний дотор 30 алтан медаль хүртэж болох юм. Афинд болсон түрүүчийн наадамд Оросын шигшээ баг хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалаагүй, авсан нийт медалийн тоогоор АНУ-ын дараа хоёрт, алтан медалийн тоогоор америкчүүд, хятадуудын дараа гуравт орсон.Афинд эзэлсэн байраа хадгалах нь оросын олимпийнхны хувьд наад захын зорилт. Тэднийг дэмжихээр Бээжин руу олон мянган хөгжөөн дэмжигч, нэрт жүжигчид явж байна. Олимпийн наадам нээгдэх наймдугаар сарын 8-ны өдөр Оросын ерөнхий сайд Владимир Путин тамирчдыг азтай байж, ялалт байгуулахыг биечлэн ерөөнө. Зюдогийн хар бүстэй Владимир Путин тамирчдын дотор их нэр хүндтэй, иймээс олимпийн тамирчидтай тэр уулзах нь оросын тамирчдыг улам зоригжуулах юм. Бээжингийн олимпид багаа дэмжихээр 100 гаруй орны төр, засгийн тэргүүн нар очих гэж байна. Энэ нь олимпийн наадмын хувьд урьд тохиолдож байгаагүй уйл явдал болохыг Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге тэмдэглэлээ. Тэр үүнийг дэлхийн хамтын нийгэмлэгийнхэн «олимпийн гойд сайхан наадам» хийх бодолтой байгаа хэрэг гэж үнэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>