Оросын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дарья Червоненко “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдлаа. Наймдугаар сарын 8-нд Олимпийн наадам нээгдэхэд 7 хүрэхгүй хоног үлдлээ. Наадамд оролцох тамирчид Бээжинг зорьж байна. Тэднээс оросын дугуйчин, завьны сэлүүрчид, гимнастикч, хөнгөн атлетикчид Олимпийн тосгоны сууц, спортын объектын байдлыг хамгийн түрүүнд үнэлж байна. Оросын үндэсний олимпийн хорооны албан ёсны дарга Дарья Червоненко тамирчдад энэ талаар ямар нэг асуудал үүсэхгүй гэж хэллээ. «Хятад улс олимпийн наадамд дорвитой бэлтгэсэн. Түүхэнд хамгийн сайн, тэмдэглэгдэхүйц наадам хийхийг зохион байгуулагчид нь хичээж байна. Тэд бүхнийг дээд зэргээр хийхийг хичээсэн нь илт байна. Ямартаа ч Бээжинд тухайлбал зочид буудал, Олимпийн тосгонд тамирчин, зочид гийчдийг халуун дотно хүлээн авч байна». Хятад улс Наадмыг нээхэд дээд зэргийн бэлэн байгаагаа бямба гаригт баталлаа. Энэ өдөр Олимпийн наадмыг нээх ёслолыг амжилттай давтлаа. Хөтөлбөрийн соёлын хэсгийн зэрэгцээ наадмыг зохион байгуулагчид олон нийтийн арга хэмжээний аюулгүй байдлыг хангах механизм боловсруулсан юм. Олимпийн наадмын үеэр хууль сахиулах байгууллага, тусгай албадаас гадна арми дэг журам тогтооход дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал 34 мянган цэргийн албан хаагч, байлдааны 74 онгоц, 47 нисдэг тэрэг, цэрэг- тэнгисийн хүчний 33 хөлөг онгоц аюулгүй байдлыг хангана. Агаараас эсэргүүцэн хамгаалах батлан хамгаалах системийг дээд зэргийн байлдааны бэлэн байдалд оруулсан. Наадмыг зохион байгуулагчдын ярьж байгаагаар спортын тэмцээн уралдааны үеэр терроризмын аюул заналхийлсэн тохиолдолд найдвартай хамгаална. Өнөө үед янз бүрийн бүс нутгийн зөрчил, иргэний дайн их гарч байгаа ч, зөрчил гарах ёсгүй онцгой тохиолдол байна. Энэ бол олимпийн тосгон юм. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге Олимпийн тосгонд бямба гаригт болсон “эвлэрлийн хана” нээлтийн үеэр энэ тухай мэдэгдэв. Яс үндэс, соёл, хэлний ялгааг үл харгалзан энх тайвнаар зэрэгцэн орших олимпийн 205 үндэсний хорооны төлөөлөгч Бээжинд цуглана. Бусад ертөнцөд энэ бүхэн чухал дохио болох ёстой гэж Жак Рогг итгэлтэй байна. Тэрээр “эвлэрлийн хананд” хүндэтгэлийн бичээс үлдээв. Олимпийн тосгонд болсон ёслолын арга хэмжээний үеэр Олон улсын олимпийн хороо Иракийн үндэсний олимпийн хороотой санал зөрөлдөөнтэй байсан ч, тус улсын төлөөлөгчдийг наадамд оролцуулахыг саяхан зөвшөөрсөн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>