Foto http://images.google.ru/imgres?imgurl=http://www.pravoslavie.mnОросын худалдаачин, уран гартнууд хаа очсон газраа үнэн алдартны шашны лам урьж, хилийн чанадад орос үндэстнийг нэгтгэж, оюуны хүч өгч, амьдралынх нь төв болсон үнэн алдартны шашны сүм барьдаг байв. Монголд ч ялгаагүй ийм үйл явдал давтагдлаа. Үнэн алдартны шашны сүм босгосон түүхийн талаар гэгээнтэн Алексей Трубач манай сурвалжлагч Ольга Ивановатай ярилцсан юм. Тэрээр 2005 оноос Улаанбаатар хотын гэгээн Троицкийн сүмийн хамбаар ажиллаж байна. «Өргөө хотод 19-р зууны дундуур Орос улсын консулын газар нээгдсэн юм. Консул, нарийн бичиг, орчуулагч, бага эмч зэрэг цөөн хүний бүрэлдэхүүнтэй оросын консулын газрын гишүүд Өргөө хотод анх иржээ. Тэднийг 20 казак дагалдаж байв. Шүтлэгтэй ард түмэн болох казакууд Оросын консулын газрын ойролцоо Гэгээн Троицын үнэн алдартны багахан сүм байгуулах санаа сэджээ. Сүмд олон жил байнгын лам байсангүй. Тиймээс өвөр байгаль, Хятадын шашны төлөөлөгчид, Эрхүүгийн сүмийн лам хуваргууд зам зуур явахдаа сүмд ном айлддаг байв. Сүүлчийн лам эцэг Федор шинэ сүм богсох мөрөөдлөө биелүүлж чадсангүй. 1917 онд Орос улсад хувьсгал гарсан нь Монголд оршин суудаг орос иргэдийн амьдралд бас нөлөөлөв. Гурван жилийн дараа тэр үед Монголыг эзэлсэн барон Унгерн фон Штенберг эцэг Федорыг хөнөөсөн юм. Гэгээн Троицкийн сүмийг сэргээн засварлах хувь тохиожээ. Анх байгуулсан газраа биш ч гэлээ Оросын худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байгаа Жуковын гудамжны замын эсрэг талд сүмийг сэргээн байгуулжээ».
Асуулт: Гэгээн Троицкийн сүмийн өнөөгийн байдлын талаар ярихгүй юу?
А.Трубач: «Одоогийн байдлаар үнэн алдартны шашны бас нэг сүм барих ажил дуусч байна. Одоо сүмийн дотоод засал чимэглэлийн ажил хийж байна. Хонх, загалмайлах танхим байгуулсан. Мөн зочид хүлээж авах өрөө, шашны болон сонгодог хөгжмийн концерт, кино үзэх өрөө, Монгол дахь оросын үнэн алдартны шашны сүмийн төлөөлөгчийн газар албан ёсны уулзалт хийх өрөөтэй. Монгол хүүхдүүдэд оросын соёлын үндсийг таниулж байгаа орос-монголын хамтарсан “Эрэл” сургуультай хамтран ажиллах танхимыг засч янзалж байна. Үүнээс гадна мод суулгах, хүлэмж байгуулаж байна. Цэцэрлэгт хүрээлэнд сүмд ирж байгаа хүмүүс төдийгүй Баян-зүрх дүүргийн оршин суугчид соёлтой амрах боломжтой. Хүүхдийн спортын талбай байгуулж байна.Орос-монголын ард түмний дотно харилцааг илтгэх энэ сүмийг 165 ам метр талбайд, 15-р зууны оросын сүмийн загвараар барьж босгсон. Монгол улсад 19-р зуунд оросын үнэн алдартны шашин дэлгэрсэн цагаас сүм барьж байгуулж байсан ч, соёлын ийм барилгыг барьж байгаагүй. Энэ сүм Улаанбаатар хотын архитектурын шилдэг байгууламжийн нэг болно. Төслийн нарийвчилсан ажлыг монголын “Тамирын шугуй” компани гүйцэтгэж, барилгын ажлыг орос-монголын хамтарсан “Инкон” байгууллага гүйцэтгэсэн юм. Гэгээн Троицкийн сүмийг энэ оны 11-р сарын 8-9-нд гэрэлтүүлнэ».
Асуулт:Танай сүмд ирж байгаа хүмүүсийн талаар ярихгүй юу?
А.Трубач: «Сүмд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа үнэн алдартны шашны 100 гаруй хүн ирдэг. Тус улсад цорын ганц болох энэ сүмд 5 мянга гаруй орос хүн, мөн бусад орны үнэн алдартны шашинтнуудад сэтгэл санааны болон бусад дэмжлэг үзүүлж байгаа тул тус улсад оршин амьдарч байгаа янз бүрийн ард түмний харилцаа бэхжихэд нөлөөлж байна. Эрдэнэт хотод ойрын 1-2 жилд үнэн алдартны сүм байгуулна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>