Орос улсын Төв банкны орлогч дарга Алексей Улюкаев өөрийн шинэ номондоо ийм байр суурь илэрхийлжээ. Номын зохиогч дэлхийн санхүүгийн системд долларын гүйцэтгэх үүрэг суларч байгаа, нөгөөтэйгүүр рублийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байгаа хоёр үзэгдлийг холбон тайлбарласан байна. Дэлхийн санхүүгийн ажилтнууд хөрөнгөө төрөлжүүлэхийг эрмэлзэж, нөөцийнхөө ихэнх хэсгийг өөр валютанд оруулах байр суурьтай байна. Тиймээс евро, швейцарь франк, япон иен, рубль зэрэг валютын гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ. Өнөөдөр рублийг оросын экспортын зарим зүйлийн төлбөр тооцоонд ашиглаж байна. ТУХН-ийн орнуудын хооронд бараа эргэлтийн ихэнх хэсгийг рублээр хийж байна. Орос улс дэлхийн санхүүгийн талбарт өөрийн валютын байр суурийг бэхжүүлэх сонирхолтой байгаа юу? Мэдээж хэрэг тийм. Энэ нь оросын эдийн засаг барууны зах зээлийн хэлбэлзлээс хамаарах байдлыг багасгахаас гадна гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой. Рублийг нөөцийн валют болгоход юу саад болж байна вэ? Эдийн засгийн нөөцийн бүлгийн эрдэм шинжилгээний удирдагч Евсей Гурвич энэ асуултанд хариулж байна: «Оросын эдийн засаг хурдтай өсч байна. Тус улсын эдийн засаг дэлхийн томоохон эдийн засагтай 10 орны тоонд багтсан. Оросын валют аажмаар бүс нутгийн нөөцийн валют болох нөхцлийг бүрдүүлж байна. Хэд хэдэн шалтгааны улмаас энэ бүхэн одоо хэрэгжих аргагүй. Нэгдүгээрт Орос улсын инфляцийн хэмжээ өндөр байна. Инфляц 10 хувиас давсан тохиолдолд дэлхийн гэхээс илүү бүс нутгийн нөөцийн валют болох боломжтой. Энэ үзүүлэлтийг дор хаяж 5 хувь хүртэл бууруулах ёстой». Олон улсын төлбөр тооцооны хэрэгслийн хувьд рублийг өргөн ашиглаж байна. Москва, Бээжин бараа таваарын худалдааны төлбөр тооцооны заримыг хоёр орны валютаар хийх яриа хэлэлцээ хийж байна. Хоёр талын худалдааг АНУ-ын доллар бус рубль, юаниар хийхэд талуудад ашигтай гэж шинжээчид үзэж байна. Америкийн мөнгө Хятад, Орос улсад хангалттай хуримтлагдсан байна. Санкт-Петербург хотын худалдааны биржид үндэсний мөнгөөр эрчим хүчний нөөцийг худалдаж эхэлсэн нь рублийг аажмаар нөөцийн валют болгоход нөлөөлж байна. Оросын бусад бараа таваарын тухайд энэ байдал үргэлжилнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>