Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах механизм боловсруулах тухай Орос улсын санаачилгыг хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээнд авч хэлэлцэнэ. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин “зургаагийн” сайд нарын хурлын үр дүнгийн талаар “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Орос, Хятад, АНУ, Япон, өмнөд, хойд Солонгосын Гадаад хэргийн сайд нар 2003 онд солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээний эхэнд уулзсан юм. “Зургаагийн” гадаад хэргийн сайд нарын уулзалт зохион байгуулах боломжийг 2007 онд хэлэлцсэн байгаа. АНУ, хойд Солонгос санал зөрөлдөөнтэй байсан учраас ийм хэлбэрийн яриа хэлэлцээ болоогүй. Сайд нарын түвшинд яриа хэлэлцээ эерэг, ач холбогдолтой болсон хэмээн уулзалтад оролцогчид тэмдэглэв. Зургаан орны Гадаад хэргийн сайд нар солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахад гарсан ахиц дэвшлийг нааштай үнэлж, Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй статусыг хангах эцсийн зорилтод хүрэх байр суурьтай байгаагаа батлав. Хойд Солонгосоос “зургаагийн” орнуудад өргөн барьсан тунхаглалыг батлах явцад МАГАТЭ-г шууд оролцуулах шаардлагатай хэмээн оросын тал дахин тэмэдэглэллээ. “Зургаагийн” сайд нар энэ долоо хоногт Сингапурт болсон АСЕАН-ы аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн форумын жил тутмын чуулганы үеэр уулзсан юм. Бүс нутгийн аюулгүй байдал солонгосын цөмийн хөтөлбөрийг зохицуулах үр дүнгээс шууд хамаарч байгааг анхааралдаа авсны дүнд ОХУ зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдал тогтоох олон талын механизм бүрдүүлэх тухай санаачилга гаргав. Ажлын тусгай хэсэг “Зургаагийн” хүрээнд энэ асуудлыг судалж байгаа тухай ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин “Оросын дуу хоолой” радиод ярьсан юм. Тэр хэлэхдээ: «ОХУ зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах механизм бүрдүүлэх тухай санаачилга гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Зургаан талын яриа хэлэлцээний хүрээнд ажлын тусгай хэсэг энэ асуудлыг хариуцаж байна. Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдал тогтоох зарчмыг удирдлага болгосон төслийг танилцуулсан. Сайд нар энэ зарчмыг уялдуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ асуудлаарх ажлын хэсгийн хуралдаан удахгүй болно гэж найдаж байна» гэж Алексей Бородавкин тэмдэглэв. Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлыг тогтоох олон механизм нь өнөө үеийн шаардлагад нийцэхгүй бөгөөд бие биенийхээ ажлыг хуулбарласан шинжтэй байна. Тиймээс Бүс нутгийн нэгдсэн байгууллага байгуулах шаардлагатай бөгөөд Хятад, Австрали улс энэ санааг дэмжиж байна. Ази Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал тогтоох хамтын арга хэрэгсэл нь ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэх чухал элементийн нэг юм. Манай санаачилга бүс нутгийг тогтворжуулж, аюулгүй байдлыг тогтооход Ази Номхон далайн хамтын ажиллагааны ер бусын жинхэнэ системийг зохион байгуулах чиглэлд хөдөлгөгч хүч болох боломжтой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>