Москва хотод “Ирээдүйд нисэх” 30 хүртлэх насны эрдэмтдийн дунд явуулсан сансрын төслийн олон улсын уралдааны дүн гарлаа. Оросын агаар сансрын үйлдвэрлэлийн инновацын газар, америкийн уран зөгнөлч Роберт, Виржини Хайнлайн нарын нэрэмжит олон улсын шагналын сан энэ уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жил Энэтхэг, Украин, Гүрж, Франц, Орос улсын залуу эрдэмтдийн 21 бүтээл уралдаанд илгээжээ. Уралдааны болзол ёсоор тухайн төсөл ашигтай, эдийн засгийн үүднээс хувийн хөрөнгө оруулагчдад ашигтай болохыг баталсан тохиолдолд шагналт байранд шалгарах ёстой юм. Орос, Украин, Францын залуу эрдэмтэд шагнал хүртжээ. Шүүгчид Санкт-Петербургийн “Арсенал” үйлдвэрийн тэргүүлэх инженер Леонид Бурылевын боловсруулсан сансрын чирэгчийн төслийг нэгдүгээр байрт шалгаруулжээ. «Олон функцтэй энэ чирэгч цахилгаан пуужингийн хөдөлгүүр, нарны эрчим хүчний хөдөлгүүрт тулгуурлажээ. Сансарт үйл ажиллагааны үр ашгийг хангах зориулалттай юм. Ирээдүйд сансрын салбарыг хөгжүүлэхэд тээвэрлэх ачааг нэмж, тээврийн өртгийг бууруулах нь чухал билээ. Миний бодлоор энэ төсөл тээвэр төдийгүй зорилтот модулийг солих, шинэ зорилтот аппарат боловсруулах үзэл баримтлалд дорвитой эргэлт гаргасан. 27 настай энэ эрдэмтэн сансрыг эзэмших ирээдүйд итгэдэг, өөдрөг бодолтой залуу үеийн нэг юм хэмээн Оросын шинжлэх ухаан академийн академич, шинжээчдийн комиссийн дарга Юрий Рыжов залуу эрдэмтний бүтээлийг тодорхойлохдоо ийнхүү хэлсэн юм: “Зарим төсөл 300-400 жилээр түрүүлсэн тухай Юрий Рыжов ярьж байна. Залуу эрдэмтний төслөө танилцуулах хэлбэр нь их таалагдсаныг хэлэх хэрэгтэй. Түүнд бас нэг гайхалтай, сонирхолтой төсөл байсан”. Леонид Бурылев хоер дахь төслөө романтик гэж нэрлэжээ. Тэрээр 2 шаттай агаар сансрын систем бодож олжээ. Эхний шатанд олон горимтой агаар тийрэлтэд хөдөлгүүртэй гипер авианы нисдэг аппарат байна. Ийм хөдөлгүүр бүтээх санаа нь олон талын үндэслэлтэй бөгөөд ирээдүйтэй гэж зохиогч үзэж байна. Ачаа тээвэрлэхийн зэрэгцээ энэ систем өндөр эрчим хүчтэй тавцангий үүрэг гүйцэтгэх боломжтой. Тойрог замын үйлдвэр боловсруулсан Доод Новгородын залуу эрдэмтэд, мөн сансрын аялал жуулчлалын цогцолборын төсөл боловсруулсан украины КБ “Южное” компанийн бүлэг эрдэмтэд 2-р байрт оржээ. Үүнээс гадна Омскийн эрдэмтийн тойрог замыг сансрын хог хаягдлаас хамгаалах бүтээл, Самарын агаар сансрын их сургуулийн эрдэмтдийн сансрын станцыг удирддаг операторуудыг сургах тренажер бүтээсэн төслийг шүүгчид өндөр үнэлжээ. Уралдаанд хүлээн авсан бүх бүтээл зоримог, эрсдэлтэй ч, мэргэжилтнүүдийн сонирхолыг татсан ер бусын шийдэлтэй, бүрэн хэрэгжүүлж болохуйц төсөл байлаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>