Бөөгийн өмсгөл, эд хэрэгслийн ховор цуглуулгыг Эрхүү хотын орон нутгийг судлах музейн “Сибирийн бөө: домог болон бодит байдал” сэдэвт ер бусын үзэсгэлэнд дэлгэн үзүүлэв. Музейн ажилтан Эмилия Муценек үзмэрийн тухай өгүүлнэ. «Энэ цуглуулгыг 19-р зууны төгсгөлөөс цуглуулж эхэлсэн. Якутын худалдаачин Захаровын 1884 онд бэлэглэсэн Якутын бөөгийн өмсгөл нь анхны үзмэрийн нэг юм. Хожим бөө, удган нар өөрсдөө эд хэрэглэл, өмсгөлөө манай музейд бэлэглэсэн. Үүнээс гадна Оросын газар зүйн нийгэмлэгийн төлөөлөгчид, янз бүрийн угсаатны зүйн аялалын гишүүд, лам хувраг хүмүүс музейн үзмэрийг баяжуулахад тусалсан». Сибирь, Алс Дорнодын нутагт оршин суудаг бур, эвенк, тофалар, тува, якут зэрэг үндэстнүүд эрт дээр үеээс сүнстэй холбогдох аргын талаарх ид шидийн сургааль буюу бөөгийн шашныг шүтсээр иржээ. Энэ сургаальд нандин шүтээн, шашин, сэтгэл санааг анагаах систем багтсан байдаг. Зөвхөн Сибирь, Алс Дорнод төдийгүй зүүн өмнөд болон төв Ази, Африк болон бусад бүс нутгийн ард түмний сүсэглэдэг уламжлалт шашин энэ сургаальд тулгуурладаг. “Бөө” гэсэн томъёлолыг олон хэлэнд ашигладаг. Үзэсгэлэнд олон арван хувцас, өмсгөлийг дэлгэн үзүүлжээ. Бүх өмсгөл металл, хүрэл эдээр чимэглэсэн тул нэг өмсгөл 15 кг жин татна. Хувцас өмсгөлийн эд зүйл, хэнгэрэг, таяг зэрэг нь бөөгийн авшиг авах тодорхой шатыг илэрхийлдэг. Тэдний хувцас эд зүйлийг голдуу сибирийн зэрлэг ямааны арьсаар хийдэг. Бөөгийн өмсгөл толгойн эд хэрэгсэл, тэрлэг, гутал гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ гурван эд зүйл дээд, дунд, доод тив дэлхийг бэлэгддэг байна. Энэ гурван ертөнцөд бөө далавчтай мэт аялахыг бэлэгдэн өмсгөлийг жигүүртэнтэй төстэй хийдэг байна. Харин эвен үндэстний бөөгийн өмсгөлийн дотор хэсгийг арьсаар хийсэн бөгөөд нохой, баавгай, шувуу зэрэг амьтны дүрс их байдаг. Зарим өмсгөлийг сувс, өнгө өнгийн утсаар оёж, хатгасан байдаг. Тухайн бөө муу сүнстэй ярилцдаг хар талын, мөн цагаан талыг эсэхийг, мөн хүнийг анагааж, хур бороо, ган ганчиг авчрах чадалтай эсэхийг өмсгөлөөс нь тодорхойлох боломжтой. Гэхдээ бөө болгоны хувцсанд шүтээний бэлэг тэмдэг байдаг гэж Эмилия Муценек тайлбарлав. «Манай музейд онгон шүтээн, шидтэн зан үйл хийхэд шаардлагатай шүтээний эд хэрэгслийг асар том цуглуулга бий. Энэ эд хэрэгслийг мод, чулуу, яс, металл, өвс, арьс, өд зэргээр хийсэн байдаг. Онгон “анагаах”, ан авлагын, мал аж ахуй зэрэг янз бүрийн ивээгч сүнст зориулсан байдаг». Дорно Сибирьт өнөө хир өвөг дээдсийнхээ уламжлалыг дагаж, нууцыг нь хадгалсаар байгаа бөө зан үйлээ үргэлжлүүлсээр байна. Энэ өдрүүдэд Эрхүү хотод болж байгаа энэ үзэсгэлэнгээр Сибирь, алс дорнодын ард түмний талаарх ойлголтыг өргжүүлэхэд тус болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>