Foto http://news.zelenogradskiy.ruОрос улсын ерөнхий сайдын орлогч Игорь Сечины Хятад улсад хийсэн айлчлалын дүн ийм байна. Орос-Хятадын эрчим хүчний яриа хэлэлцээ нь дэлхийн нефть, хийн зах зээлийг тогтворжуулах гол хүчин зүйл болж байна гэж манай тоймч Константин Гарибов ярьж байна. Орос, Хятад улсын эрчим хүчний стратегийг уялдуулах, дэлхийн нефть, хийн зах зээлд бие биенийхээ ашиг сонирхолыг харгалзах нь яриа хэлэлцээний шинэ механизмын гол санаа юм. Ерөнхийлөгч Д.Медведев Бээжинд айлчлах үеэр Хятадын тал ийм санаачилга гаргажээ. Орос улс сүүлийн жилүүдэд тууштай хамгаалсаар байгаа байр суурьтай энэ нь олон талаар нийцэж байна. Эрчим хүчний нөөцийн талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчийн яриа хэлэлцээг байнга хөгжүүлж байх шаардлагатай юм. Ази, Европын нефть, хийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг Орос улс хангах чадалтай. Гэхдээ түншүүдийн бодлого дээд зэргийн ил тод байх ёстой. Эрчим хүчний нөөц хэрэглэгчид үйлдвэрлэгчдийн урт хугацааны ашиг сонирхолыг харгалзаж, гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх ёстой. Бээжин хотод болж байгаа орос-хятадын эрчим хүчний асуудлаарх яриа хэлэлцээ нь дэлхийн зах зээлд нааштай түлхэц болж байна. Энэ зах зээлийн хоёр том оролцогч тоглоомын ерөнхий дүрэмд нөлөөлж, Евразийн асар том орон зайд эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болж байна. Орос улс экспортоо төрөлжүүлэхэд шинэ алхам хийж байна. Хятад улсын нефть, хийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ дэлхийн зах зээлийг тогтвортой байдлыг алдагдуулж, үнэ өсөх ээлжит шалтгаан болохгүй гэж дэлхий дахинаа ойлгууллаа. Өрнөдийхөн үүнд Хятад улсыг ямагт буруутгадаг юм. Орос, Хятад улс нефть, хийн хоолойн барилгын ажилтай холбоотой бүх төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа баталлаа. Оросын нефть, хийн үнийн асуудлыг намар гэхэд зохицуулахын тулд зөвлөлгөөнөө эрчимжүүлэх бодолтой байгаагаа талууд мэдэгдлээ. Эрчим хүчний салбарт хамтарсан томоохон төслийг хөгжүүлэх нөхцөлд банкны үйлчилгээний хэрэгсэл онцгой ач холбогдолтой юм. Үүнтэй холбогдуулан талууд харилцан тооцоо хийхэд рубль, юань ашиглах бүсгийг өргөжүүлэх талаар тохиролцлоо. Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Александр Островскийн үзэж байгаагаар энэ хандлага эрчимжих төлөвтэй байна. «Өнөө үед рублийг юаниар эсвэл эсрэгээр шууд шилжүүлэх шаардлагатай байна. Рубль, юанийн ханш чангарч, долларын ханш буурч байна. Үүнтэй холбоотойгоор орос-хятадын хооронд тухайлбал эрчим хүчний нөөцийг худалдахад гуравдагч орны валютыг төлбөр тооцоонд ашиглах нь орос, хятадын талд алдагдалтай байгаа юм. Оросын банкууд хятадын банкуудтай рубль, юаниар шууд гэрээ хийх хэрэгтэй гэж Александр Островский үзэж байна. Орос, Хятад улс эрчим хүч, санхүүгийн ил тод байдлаа харуулж байна. Энэ салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлснээр дэлхийн зах зээлийг тогтворжуулах нэмэлт хүчин зүйл болж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>