“Орос улсын их цуглуулга”, “Орос улсын хөгжмийн төв банк”- Орос Улсын хөгжмийн ер бусын зэмсгийн цуглуулгыг ийнхүү нэрлэх нь бий. Энэ жил цуглуулгын 130 жилийн ой тохиож байна. Страдивар, Амати, Гванери зэрэг гарамгай мастеруудын гараар бүтсэн 350 гаруй хийл, эрдүү хийл, морин хийл, ахмад хийл зэрэг жавхдаст хөгжмийн дэлхийд хамгийн томд орох цуглуулга юм. Урлагт дуртай оросын худалдаачин Константин Третьяков итали, францын 30 орчим хөгжмийн зэмсгийг 1878 онд Москва хотын хөгжмийн консерваторид бэлэглэснээр энэ цуглуулгын эхийн тавьжээ. Худалдаачин хөгжмийн зэмсгийг бэлэглэхдээ худалдаж, солихыг хориглож, хамгийн авьяастай хөгжимчид тоглох болзол тавьсан юм. Энэ болзлыг өнөө хүртэл чанд мөрдсөөр байна. Цуглуулгын архивт консерваторийн профессор Козолупова авьяаслаг оюутан Ростроповичид хөгжмийн зэмсгийг бэлэглэхийг хүссэн захидал байдаг. Давид Ойстрах, Леонид Коган зэрэг нэрд гарсан хийлчид цуглуулгын ховор зэмсгээр тоглож байв. Одоо шинэ үеийнхэн энэ зэмсгээр тоглож байна. Энэ их чухал юм. Учир нь хөгжмийн зэмсгээр тоглохгүй удвал, хөгөө алдаж, дуугарахаа болих аюултай. Улсын цуглуулгын бараг хөгжмийн зэмсэг бүрийн түүх их сонирхол татдаг. Тухайлбал Страдивар 92 настайдаа буюу амьдралынхаа сүүлчийн мөчид хийсэн хамгийн шилдэг бүтээлийн нэг оросын нэр хүндтэй үе удмынхан болох “Юсупов” гэж нэрлэсэн байна. 1917 онд хувьсгал гарсны дараа эзэд нь дүрвэж, хоосон орхисон ордоны харанхуй өрөөнөөс энэ зэмсгийг 1930-аад онд санамсаргүй олсон юм гэж цуглуулгын захирал Михаил Горонок ярьж байна. «Хөгжмийн зэмсгийг Юсуповын цуглуулгад бараг зуун жил хадгалсан юм. Музейн ховор үзмэрийн хувьд зэмсгийг шилэн хоргонд хадгалж байв. Зэмсгээр дахин тоглоход шууд дуугарч байсан юм. Хөгжмийн зэмсгээр тоглохгүй удвал хөгөө алддаг болохоор дахин сэргээхийн тулд эрчимтэй тоглох хэрэгтэй» гэж М.Горонок хэллээ. Улсын цуглуулгын ихэнх зэмсгээр үргэлжлүүлэн тоглож, олны сонорыг мялаасаар байна. Нарийн хийц, гоёмсог чимэглэл бүхийн зөвхөн музейн үзмэрт байдаг хөгжмийн зэмсэг бий. Тухайлбал бүжгийн мастеруудын халаасанд багтдаг бяцхан хийл байна. Энэ бол маш ховор эд юм. Улсын цуглуулгын 130 жилийн ойг тохиолдуулан “Москвагийн гоцлол хөгжимчид” найрал хөгжмийн хамтлаг Юрий Башметтын удирдлаган дор нэгэн зэрэг 16 ховор хөгжмийн зэмсгээр тоглосон юм. Найрал хөгжмийн хамтлагийн гоцлол хөгжимчдийн нэг дээр дурдсан “Юсуповын” хийлээр тогложээ. Дараагийн улиралд Башмет энэ концертоо Орос улс болон гадаадад тоглохоор төлөвлөж байна.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>