Наймдугаар сарын 8-24-ний хооронд Бээжинд болох олимпийн наадмын үеэр эвлэрэхийг НҮБ олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. Ерөнхий Ассамблей лхагва гаригт “Спорт дэлхийг хөгжүүлэх, эрүүл мэнд, хүмүүжилд ач холбогдолтой хэрэгсэл” тогтоолын төслийг сайшаажээ. Төслийг боловсруулахад Орос улс оролцсон хэмээн манай тоймч Константин Гарибов тэмдэглэв. НҮБ “олимпийн эвлэрлийг” мөрдөхийг идэвхтэй уриалж байна. Эртний Грект үүссэн наадмын уламжлалаар олимпийн наадамд оролцогчид наадмын үеэр аюулгүй байж, дараа нь гэртээ харих боломжтой байх ёстой юм. Харин өнөө үед олимпийн эвлэрэл нь өөр утгатай болжээ. Энэ нь юуны түрүүнд бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөнд, улс төрийн тодорхой зорилтод хүрэх, хөрөнгө, мөнгө шаардах үүднээс хүн барьцаалахад хүч хэрэглэхээс татгалзах ёстой юм. Геополитикийн асуудлыг терроризмын арга хэрэгслээр шийдэж байгаа хүмүүст олимпийн наадмын үеэр эвлэрэхийг уриалж байгаа юм. Дэлхийн хамтын нийгэмлэг эв найрамдалтай, спортын төрлөөр шударга өрсөлдөж, Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулна гэдэгт итгэлтэй байгаагаа Орос улсын олимпийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Геннадий Швец “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдав. «Олимпийн наадам бол манай соёл иргэншлийн өв, нэгэн зэрэг бүгдэд харьяалагдах бүх нийтийн хамгийн гэгээн бүтээл болов уу. Хүний амь таслах зэвсгээр бус тэнцвэртэй, харилцан буулт үл хийх спортын тавцанд хүчтэй, давуу болохоо харуулах хэрэгтэй. Спортын талбарт төлөвлөсөн болгон бүтэнэ гэж байдаггүй. Спорт тэр дундаа Олимпийн наадам зөвхөн оноо, медаль биш юм. Бүх нийтийн спортын энэ том арга хэмжээг юу ч балартуулах ёсгүй гэж Геннадйи Швец ярив. Бээжинд болох Олимпийн наадмын өмнө зохион байгуулагчид үзэгч, хүндэт зочин, дасгалжуулагч, олимпийн тамирчдын аюулгүй байдлыг хангах дээд зэргийн арга хэмжээ авч байна. Энэ нь спортын баярын уур амьсгалыг эвдэх оролдлогыг таслан зогсоох, урьдчилсан арга хэмжээ юм. Аюулгүй байдлын найдвартай бамбай бий болгох тухайлбал хилийн дагуу аюулгүй байдлыг хангахад Орос улс, төв Азийн орнууд идэвхтэй дэмжлэг үзүүлж байна. Зохион байгуулалтын үүднээс Бээжинд болох олимпийн наадам түүхэнд хамгийн сэтгэлд хоногшсон арга хэмжээ болохын тулд бүхнийг хийж байна. Хятадын удирдлага, хятадын ард түмэн Олимпийн наадамд хэрхэн бэлдэж байгааг Орос улсын үндэсний олимпийн хороо мэдэж байгаа. Энэ арга хэмжээ 100 хувь амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав