Орос уламжлалт болон дэлхийг хамарсан шинэ сорилын эсрэг тэмцэхэд Зүүн өмнөд Азийн орнуудын холбоотой бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна. Сингапурт дууссан аюулгүй байдлын асуудал эрхэлсэн АСЕАН-ын бүс нутгийн чуулганы гол үр дүнгийн нэг нь энэ байлаа хэмээн Москва үнэллээ. АСЕАН-ын гишүүн 10 орноос гадна Орос, Хятад, Япон, Энэтхэг, Пакистан, АНУ, Европын Холбоо зэрэг тус холбооны түнш бараг 20 орон энэ форумд оролцов. Форумд оролцогчид хүмүүнлэгийн төсөл, терроризм болон үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, тэнгист аюулгүй байдлыг хангах, зэвсэг хураах болон зэвсэг үл дэлгэрүүлэх гэсэн 4 чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов. Уулзалтын үеэр дээрэм, тонуултай тэмцэхэд онцгой анхаарал хандуулав. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров форумын ажлын үр дүнг ийнхүү дүгнэж байна. «АСЕАН-ын гишүүн орнууд болон тэдний түншүүдийг нэгтгэдэг Аюулгүй байдлын асуудлаарх форумын хуралдааны үеэр юуны түрүүнд өнөөгийн аюул заналтай тэмцэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс цаашид энэ хэлбэрээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ аюул заналд амжилттай хариу арга хэмжээ авахын тулд хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар эдгээр асуудлыг зарчмын хувьд тайлбарласан улс төрийн тунхаглалыг батлав». Хамтын ажиллагааны нэн чухал зарчмыг сайшаагаад зогсохгүй практик хамтын ажиллагааг урагшлуулахаар болсон нь чухал юм. Улс дамнасан гэмт хэрэг, терроризмтай байнга тэмцэх механизм боловсруулсан. Хууль сахиулах байгууллагууд энэ чиглэлийн тусгай мэдээллийг шуурхай солилцоно. 2010 онд энэ асуудлыг хэлэлцэх зөвлөлгөөнийг АСЕАН-ны нэг орны хамт даргалах саналыг Оросын тал дэвшүүлэв. Энэ саналыг гишүүд дэмжлээ. Энэ механизмын хүрээнд хийх ажлын гол чиглэлийн нэг нь эрчим хүчний нөөцийг нийлүүлэхэд аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний дэд бүтцийн террорист үйлдлээс хамгаалах тухай оросын саналыг форумд оролцогчид дэмжив. Байгалийн гамшиг, газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад Орос улс бүс нутгийн олон оронтой эртнээс хамтран ажиллаж байгаа учраас ийм онц байдалд хариу үйлдэл үзүүлэх хамтын механизм боловсруулах санал гаргав. Үүнээс гадна Орос улс АСЕАН-ны бүс нутгийн форумын дараагийн хуралдааны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг оруулах санал гаргав. АСЕАН, түүний түнш орнууд, тэр дундаа Орос улстай нягт хамтран ажиллах нь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлын тогтвортой бүтцийг цогцлуулах замыг нээж буйг энэ удаагийн уулзалт харууллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>