Foto http://arctictoday.ruХойд туйлыг эзэмших хамгийн алдартай, баатарлаг үйлсийн нэг нь энэ юм. Мөс зүсэгч бус тээврийн хөлөг онгоц тэнгисийн замаар Хойд туйлыг нэг удаагийн навигацаар дангаараа туулах чадавртай эсэхийг экспидицэд оролцогчид тогтоох ёстой байсан юм. Данид үйлдвэрлэсэн “Челюскин” хөлөг онгоц 1933 оны 6-р сарын 14-нд тэнгист гарчээ. Хөлөг онгоц 8-р сарын 2-нд хүнсээ базааж, Баренцын тэнгисийн Кольскийн тохойн эргийн хөлддөггүй боомт Мурманскаас хөдөлж, Владивостокийг зорьжээ. Эх орны нэрд гарсан туйл судлаач, академич Отто Шмидтийн удирдлаганд явсан “Челюскин” хөлгийн аялалыг орон даяар ажиглаж байв. Орчин үеийн хэллэгээр реалити-шоу маягийн үйл явдал байлаа. Шмидтийн цахилгаан мэдээг сонинд нийтэлж байв. Зөвлөлтийн ард түмэн хойд туйлын олон өдрийн аялалын бүх явцыг мэдэж байсан юм. Краскийн тэнгист аялах үеэр геодези мэргэжилтэй Васильевынд мэндэлсэн охиныг Карина гэж нэрлэснийг хүртэл мэдэж байсан юм. “Челюскин” бараг бүх замаа туулж, Номхон далайн ус хүрэхэд 280 км дутуу Колючино аралд мөсөнд зоогдож, живж эхэлжээ. Чукотын тэнгисийн зах хязгааргүй орон зайд хоцорсон хөлөг онгоцноос 1934 оны 2-р сарын 13-нд 10 эмэгтэй, хоёр хүүхэд нийт 104 хүнийг буулгасан юм. Хөлгийн ахмад Владимир Воронин салах ёс хийх дохио өгсөн байна. Экспидицийн удирдагч Отто Шмидт сүүлчийн мөчид өрөөндөө Ленины одонгоо орхисоноо санажээ. Тэрээр өвдөгөө хүрсэн ус туучин “Челюскин” хөлөгт орж, живэхээс нь өмнө амжиж буужээ. “Челюскин” хөлөг дээр хуаран байгуулж, талх барьж, “Бууж өгөхгүй!” нэртэй ханын сонин хүртэл гаргаж байв. Тухайн үеийнхээ хамгийн боловсролтой хүний нэг, зөвлөлтийн их толь бичгийн ерөнхий редактор байсан Шмидт туйл судалаачдад лекц уншдаг байсан тухай нэрд гарсан туйл судлаачийн хүү Владимир Шмидт ярьж байна. «Отто Юльевич маш эрдэмтэй хүн байсан. Тэрээр Хойд тэнгисийн зам төдийгүй физик, астрономийн зарим шинж чанар, сэтгэл зүйн тухай сэдвээр хүртэл лекц уншиж байв». “Челюскин” хөлөгт хоёр сарын дараа тусламж үзүүлсэн юм. Зорчигчдыг хөлөг онгоцноос нисдэг тэргээр авчээ. Туйл судлаачдийг эх газар хүргэсэн нисэгчид ЗСБНХУ-д анх удаа ЗХУ-ын баатар цол хүртсэн юм. Домогт экспидицэд оролцсон хүмүүсийг Москвад баатар мэт угтсан. Отто Шмидтийн нэрийг улс даяар мэдэж байв. Нийслэлийн чихрийн үйлдвэр асар том бялууг ачааны тэргээр зусланд нь хүргэж байсныг нэрт туйл судлаачийн хүү тухайн үед 13 настай байсан Владимир дурсаж байна. «Хайлуулсан сахараар мөс, мөн төв хэсэгт нь усанд хамраа дүрсэн хөлөг онгоцыг жигнэмэгээр хийсэн байлаа. Нэг иймэрхүү бялууг бараг тосгон даяараа идсэн байх». Усан доорх археологч Алексей Михайловын баг “Челюскин” живсэн хөлөг онгоцыг өнгөрсөн жил олсон юм. 50 метрийн гүнд хэвтэж байсан муугүй хадгалагдсан хөлөг онгоцны их бие хагас гаруй метрийн зайнаас харагдаж байв. Хөлөг онгоцны металл гадаргуун хэсгийг шумбагчид Чукотын тэнгисээс гаргаж, 1933 онд “Челюскин” хөлөг онгоцыг барьсан Копенгаг дахь “Бурмейстер” компанид дүн шинжилгээ хийлгэхээр илгээсэн юм. Металл гадаргуу хөлгийн хэсэг болохыг баталж, зохих гэрчилгээ олгожээ. Одоо бид хөлгийн бусад хэсгийг уснаас гаргах бодолтой байна гэж Алексей Михайлов ярив. «Живсэн хөлгөөс олж ирлүүлж болох хамгийн гайхалтай эд зүйл бол мэдээж хэрэг хөлгийн хонх юм. Хөлөг онгоц живэхээс өмнө энэ хонх жингэнэж байсан бөгөөд уснаас гаргасны дараа ч дугарах ёстой». Алексей Михайловын ярьснаар усан доорх археологичид 2009 оноос археологийн ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Орчуулагч Г.Нарангарав