Орос улсын засгийн газар телевизийн шинэ цамхаг барих боломжийг судалж байна. Олимпийн шинэ объект нь амралт сувилалын хотын чимэг болоод зогсохгүй цаашид улсын өмнөд хэсгийн телевиз, радиогийн дамжжуулалтыг сайжруулах техникийн боломжийг хангана. Олимпийн наадмыг тохиолдуулан нэг бус удаа телевизийн шинэ цамхаг барьж байсан дэлхийн жишээ байна. Тухайлбал Мюнхен, Монреалын олимпийн үеэр телевизийн цамхаг барьж байсан гэж Телевиз, радиогийн үндэсний судалгааны төвийн захирал Алексей Самохвалов “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа дурдав. «2014 онд Сочид болох олимпийн наадмын архитектурын төв Сочигийн телевизийн цамхаг болно гэж бид үзэж байгаа. Энэ цамхаг Краснодарын хязгаар, хөрш бүс нутагт цаашид бүс нутгийн телевизийг хөгжүүлж, олимпийн объектод зүй ёсоор багтах боломжтой гэж А.Самохвалов хэллээ. Орос улсад телевиз, радио аналог системээс тоот хэлбэрт шилжихэд техникийн шинэ шийдэл шаардлагатай гэж Алексей Самохвалов ярьж байна. Дохиог “тоот” хэлбэрээр чанартай түгээх үндэс нь сайн тоног төхөөрөмж, телевизийн өндөр цамхаг юм. Хүн төрөлхтөн дахин дамжуулах технологиос өнөө үед татгалзах аргагүй. «Олимпийн наадмыг үндсэндээ хиймэл дагуул, интернет зэрэг техникийн хэрэгслээр дамжуулна. Ийм системүүд ажиллаж байна. Урьдчилан хэлэх аргагүй тохиолдол байдаг гэж телевиз, радиогийн үндэсний судалгааны төвийн захирал ярьж байна. Хүмүүс олимпийн нээлт, хаалт үзэж байхад гэнэт тасарч болно. Тухайлбал Лавочкины нэрэмжит нэгдэл завсрын дамжуулалтын дирижабль ашиглахыг санал болгож байгаа юм. Инженерийн ийм шийдэл боломжтой. Энэ бол түр арга хэмжээ гэж Алексей Самохвалов ярьж байна. Олимпийн наадмыг тохиолдуулан хүмүүст арван жилээр зогсохгүй он удаан жил үйлчлэх телевизийн цамхагийг баривал сайн хэрэг. Үүний тод жишээ Парисын Эйфелийн цамхаг юм. Сочи хотын цамхагийн төслийг хагас жил боловсруулна. Инженерийн харилцаа холбоог ашиглахыг харгалзавал барилгын ажил 2 жил үргэлжилнэ. Олимпийн наадам эхлэхээс жилийн өмнө телевиз, радиогийн нэвтрүүлгийг тогтмол дамжуулна. Орос улс телевиз, радиогийн нэвтрүүлэг дамжуулах өндөр байгууламж барих арвин туршлагатай. Тухайлбал саяхан 40 жилийнхээ ойг тэмдэглэсэн Москва хотын Останкины цамхаг Европын хамгийн өндөр барилгын нэг хэвээр байна. Энэ барилга дэлхийн хамгийн гоёмсог, ер бусын цамхагийн тоонд зүй ёсоор ордог. Цамхагийн алсын бараа харах талбай, үүлэн дунд байрлах “Долоо дахь тэнгэр” зоогийн газарт олон арван сая хүн үйлчлүүлсэн юм. Нийслэлийн түүхэн дурсгалт зүйлийн нэг энэ цамхаг ялангуяа жуулчдад их таалагддаг. Шувуу нисэх өндөрлөгөөс хот гайхамшигтай харагддаг байна. Тэгэхлээр Сочид үүнтэй төстэй объектыг амжилттай барих эсэхэд эргэлзэх шаардлагагүй юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>