“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Японы засаг захиргаа цэргийн албан хаагчдаа Афганистанд илгээхээс түтгэлзлээ. Энэ тухай японы засаг захиргааны эх сурвалж мэдээллээ. Афганистаны байдал эрс муудсаныг харгалзан Японы засгийн газар ийм шийдвэр гаргажээ. Японы цэргийн албан хаагчдыг Афганистанд илгээх боломжийг газар дээр нь судалсан цэргийн бүлэг шинжээч сэтгэл түгшээсэн тайлантай нутаг буцсан юм. Өнөөгийн байдлаар Афганистанд байлдааны ажиллагаа эрчимжиж байна. Энд амь үрэгдсэн америк цэргийн тоо Иракт амь үрэгдсэн цэргийнхээс давлаа. Японы хуурай замын хүчний цэрэг, цэрэг тээврийн нисэх онгоц, хүнд нисдэг тэрэг, зэргийг Афганистанд илгээх АНУ, НАТО-ийн хүсэлтийг Японы засгийн газар урьд судлахдаа японы цэргийг байлдааны ажиллагаанд оролцуулахгүй байх бодолтой байсан юм. Японы үндсэн хуулиар японы цэргийг гадаадын зэвсэгт тэмцэлд оролцохыг хориглодог байна. Афганистанд японы цэрэг илгээх төлөвлөгөөг Японы засгийн газрын тэргүүн Ясуо Фукуда “их наймын” дээд хэмжээний уулзалт болохын өмнө ерөнхий байдлаар мэдэгдсэн билээ. Японы батлан хамгаалах, дипломат албаны ажилтнууд Афганистанаас ирсний дараа Токио энэ байр сууриа эргэн харахад хүрчээ. Афганистанд талибууд болон хөлсний цэргийн бүлэглэлүүд идэвхжиж байна. Афганистанд алба хааж байгаа НАТО-ийн бүлэглэл тус улсад аюулгүй бүс байхгүй болохыг хүлээн зөвшөөрчээ. Японы ерөнхий сайд Ясуо Фукудагийн засгийн газар Афганистанд цэрэг илгээх төлөвлөгөөг хойшлуулахаар шийдвэр гаргахдаа эрх баригч эвслийн Комэйто намын холбоотнууд, мөн сөрөг хүчин энэ төлөвлөгөөг хүчтэй эсэргүүцэж байгааг харгалзсан юм. Гэсэн ч, японы засгийн газар урьдын адил АНУ-ын тэргүүлж буй цэргийн эскадрын хөлөг онгоцны ар талыг хангах бодолтой байна. Энэ хөлгийн тавцангаас бөмбөгдөгч нисэх онгоцууд Афганистанд цохилт өгдөг юм. Агаараас цохилт өгөх үеэр нутгийн энгийн иргэд их өртдөг байна. Японы цэрэг тээврийн 2 хөлөг онгоц Афганистанд байлдааны ажиллагаанд оролцож байгаа цэргийн эскадрыг түлш, цэвэр усаар хангахын зэрэгцээ тус улсын тээврийн нисэх онгоц нь америкийн цэрэг, байлдааны хэрэгслийг Кувейтээс Иракийн янз бүрийн нутагт хүргэдэг байна. Японы Ойрх болон Дунд Дорнодод явуулж байгаа энэ бодлого Японы ашиг сонирхолд нийцэхгүй байна гэж Японы сөрөг хүчин эрс шүүмжилж байгаа юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>