Хятадын нийслэл Бээжин хотод 29 дэх зуны олимпийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Наадамд 16 мянга гаруй тамирчин, албаны төлөөлөгч оролцоно. Олимпийн наадмын үеэр тамирчид спортын 28 төрлөөр 302 багц медалийн төлөө өрсөлдөнө. Олон улсын тэмцээн уралдаанд Оросын шигшээ багийнхан идэвхтэй бэлтгэж байна. Бээжингийн олимпийн наадамд оролцох Оросын шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнийг 7-р сарын 23-нд тодорхойлно. Оросын олимпийн хорооны хэвлэлийн албаны тэргүүн Геннадий Швец манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдлээ. Олимпийн наадамд 470 хүний бүрэлдэхүүнтэй Оросын шигшээ баг оролцох төлөвтэй байна. Үндсэн тамирчдаас гадна тоглоомын төрлийн спортод сэлгээний тамирчин чухал учраас нөөц багийн тоглогчид шигшээ багийн бүрэлдэхүүнд орно. Албан ёсны төлөөлөгч, дасгалжуулагч, бариа засалч болон бусад ажилтнууд итгэмжлэх үнэмлэх аваад байна. Олимпийн хорооны дүрэмд зааснаар тэдний тоо шигшээ багийн нийт бүрэлдэхүүний 50 гаруй хувиас илүү гарах ёсгүй юм. Тамирчдаас гадна Бээжинд болох Олимпт 200 ажилтан оролцоно. Оросын шигшээ баг спортын 32 төрлөөс 28 төрөлд өрсөлдөнө. Манай тамирчид зүлгэн дээрх хоккей, хөл бөмбөг, бейсбол, софтболын төрөлд оролцохгүй. Орос улс уламжлал ёороор тэргүүн бар эзэлдэг спортын хэдэн төрөл бий. Тухайлбал бокс, чөлөөт бөх, уран сайхны гимнастик, хөнгөн атлетик, буудлага зэрэг спортыг нэрлэж болно. Бээжинд болох олимпийн наадмын үеэр оросын тамирчид спортын энэ төрөлд медаль хүртэнэ гэж найдаж байна. Оросын олимпийн хорооны мэдээлснээр олимпийн баг тамирчид олимпийн хувцасаа хэдийн авчээ. Олимпийн наадам бүрт спортын хувцасыг оросын шилдэг зохион бүтээгчид тусгайлан оёдог байна. Энэ удаа олимпийн наадамд тамирчдын өмсөх хувцас эвтэйхэн, өнгө үзэмжтэй, чанартай болсон гэж олон хүн үзэж байна. Төрийн далбааны өнгө, орос хүний зан чанарыг тодорхой тусгажээ. Энэ хувцасыг олон хүн тогтоож, энэ удаагийн наадамд төдийгүй урьд болсон бүх наадмын хамгийн шилдэг хувцас болохыг үгүйсгэхгүй. Оросын тамирчдын наадамд өмсөх хувцсыг галт шувуугаар чимэглэжээ. Оросын үлгэр домогт гардаг энэ шидэт шувуу үндэсний өнгө аяс оруулахаас гадна хүсэл мөрөөдөл биелүүлэх, амжилт, сайн сайхныг бэлэгддэг. Наадамд оролцох тамирчин бүр парадын хувцасаас өгсүүлээд спортын эд хэрэглэл, амарч тухлахад өмсөх 63 эд зүйл, хувцас хэрэгсэлтэй байна. Бээжинд болох наадамд бэлтгэхэд энэ сар их чухал. Цаг агаарын хувьд Хятадын нөхцөл байдалтай төстэй дорно зүгийн нутаг дэвсгэрт бэлтгэл сургуулилт хийхээр шийдвэрлэсэн ч, шигшээ багийн тамирчид Эрхүү, Чит, Хабаровскт бэлтгэл хийж байна. Оросын спортод өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн шилдэг тамирчин, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна. Энэ бүхэн төгсгөлийн шатанд тамирчид бэлтгэл сургуулилт хийх бололцоог бүрдүүлсэн. Оросын шигшээ багийн тамирчдыг албан ёсоор үдэх ёслол 7-р сарын 26-нд Кремльд болно. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ ёслолд оролцоно. «Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд дээгүүр тушаалын хүмүүсийг урьж оролцуулж байгаа. Энэ удаа Орос улсын ерөнхий сайд В.Путин наадамд оролцоно. Орос улсын ийм өндөр албан тушаалын хүн урьд олимпийн наадамд оролцож байгаагүй юм». Бээжингийн олимпийн наадамд оросын хөгжөөн дэмжигчдийг оролцуулах тухайд Оросын олимпийн хороо хуваарилсан 26 мянган таслабарыг хэдийн борлуулжээ. Орос улс спортын гүрэн хэвээр болохоо батлах бодолтой байна. Шигшээ багийн тамирчид Афины олиимпоос дутахгүй амжилт гаргана хэмээн Оросын хөгжөөн дэмжигчид найдаж байна. Тухайн үед Орос улс албан бус тооцоогоор хоёрдугаар байрт орж байсан гэж Оросын олимпийн хорооны төлөөлөгч Геннадий Швец төгсгөлд нь тэмдэглэв. Оросын шигшээ багийн тамирчид 2008 оны олимпийн наадамд хэрхэн бэлтгэж байгаа талаар Оросын олимпийн хорооны даргатай хийсэн ярилцлагыг та бүхэн сонслоо.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>