НАТО-ийн гишүүн орнууд гишүүнчлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд ямар улс орныг оруулах талаар хэлэлцэхэд Орос улс санал өгөх эрхгүй. Төрийн Департаментын хэвлэлийн албаны тэргүүн Шон Маккормак Вашингтонд сэтгүүлчдэд зориулсан бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Харамсалтай нь америкийн дипломатч шинэ гэх зүйл огт хэлсэнгүй. Үнэндээ хэлэх ч аргагүй. Тэр зөвхөн энэ асуудлаарх НАТО, Цагаан ордоны албан ёсны байр суурийг дахин баталлаа. Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрөгч мягмар гаригт баталсан Орос улсын гадаад бодлогын шинэ үзэл баримтлалын талаар тайлбар хийх сэтгүүлчдийн тавьсан хүсэлтэд тэр ийнхүү хариулав. НАТО-г өргөжүүлэх, тухайлбал Украин, Гүрж улсыг эвсэлд гишүүнээр элсүүлэхэд Москва эсрэг байр суурьтай байна гэж энэ үзэл баримтлалд тусгасан байна. Орос улсын энэ байр суурь ерөнхийлөгч В.Путины үеээс өөрчлөгдөөгүй хэвээр үлджээ. Энэ асуудлаар оросын өнөөгийн удирдлага залгамж байдлаа хадгалж байна. Эвслийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, түүнийг өргөжүүлэхэд хориг тавихыг Москва оролдож байгаатай энэ хамаагүй. Энэ бол утгагүй хэрэг. НАТО өөрийн гэсэн дүрэмтэй, гишүүн болгоныхоо мөн эвслийн ашиг сонирхолыг хамгаалж байгаа нь ойлгомжтой. Логик гинжээ үргэлжлүүлбэл Орос улс өөрийн үндэсний ашиг сонирхолтой гэсэн илэрхий дүгнэлтэд хүрэх нь ойлгомжтой. Хоёр Германыг нэгтгэхийн өмнө НАТО-г дорно зүг өргөжүүлэхгүй хэмээн амлаж байсан. Одоо байдал хэрхэн эргэснийг бүгд харж байна. Эвслийн цэргийн машин Оросын хилд дөхөж очоод байна. АНУ цэргийн баазаа Болгар, Румынд байгуулж, Польшид 10 пуужин сөнөөгч, Чехид радар байрлуулах бодолтой байна. Польшийн оронд Литвад пуужин сөнөөгч байрлуулах тухай цуу яриа дэгдээд байна. Орос улс хэдийн баталсан Европ дахь ердийн зэвсэгт хүчний гэрээг АНУ болоод НАТО-ийн орнууд батлахаас татгалзаж байна. Ийм нөхцөлд болж байгаа үйл явцад оролцохгүй байх аргагүй. Тиймээс Орос улс байр сууриа илэрхий нээлттэй илэрхийлж, дипломат эсвэл цэрэг-техникийн шинжтэй хариу арга хэмжээ авахаа анхааруулсаар байна. Улс төрд бидний харж байгаагаар үг, хүсэл зориг бус тодорхой ажил чухал байна. Европ, дэлхийн аюулгүй байдлыг салгах аргагүй гэж Москва үзэж байна. Бусдын ашиг сонирхолд хор хохирол учруулж нэг талын ашиг сонирхолыг хангаж болохгүй. НАТО “хүйтэн дайны” үеийн эвслийн сэтгэлгээгээр ажиллаж байна. Орос улс бүх европын аюулгүй байдлын хуулиар үүрэг хүлээсэн гэрээ байгуулахыг АНУ болоод холбоотнуудад нь уриалж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>