АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Иракт хэрэгжүүлсэн бодлогын төлөө ерөнхийлөгч Ж.Бушт итгэл үл үзүүлэхийг шаардсан тогтоолын төслийг “ногоон гэрлээр” зөвшөөрлөө. Төлөөлөгчдийн танхимын гишүүд энэ баримт бичгийг хууль эрх зүйн асуудал эрхэлсэн хороогоор хэлэлцүүлэхийг дэмжжээ. Конгресст Огайо муж улсаас сонгогдсон, ардчилсан намын гишүүн Деннис Кусинич энэ тогтоолын төслийг боловсруулсан байна. Ерөнхийлөгч “Иракийн үй олноор хөнөөх зэвсгийн аюул заналын талаар хуурамч мэдээлэл үйлдэж, Конгрессыг төөрөгдөлд оруулсан” гэж тэр үзэж байна. Хууль тогтоогчдоос дэмжлэг авч, Иракт цэргийн хүч хэрэглэхийн тулд энэ бүх мэдээллийг хуурамчаар үйлдсэн. Америкийн цэргүүд Иракт цөмрөн орсноос хойш хэдэн сарын дараа Америкт төдийгүй бусад оронд тагнуулын мэдээлэл булхайтай талаар ярьж эхэлсэн юм. Ирак үй олноор хөнөөх зэвсэг тухайлбал цөмийн зэвсэгтэй эсэхийг илрүүлэх оролдлого талаар болсон юм. Тэр үед Цагаан ордон, Ж.Бушийн засаг захиргаа хүнд байдалд орж, нэмэлт “баримт” эрж хайх шаардлагатай болсон. Үүний дараа Иракийн ард түмнийг “Саддам Хусейн” гэгч ад зэтгэрээс чөлөөлөх, Ойрх Дорнодод энх тайван, тогтвортой байдал тогтоох талаар ярьж эхэлсэн. Үнэн хэрэгтээ АНУ маш энгийн шалтгаанаар Иракт халдсан. Иракийн нефтийг хяналтандаа авах үүднээс ийм үйлдэл хийсэн гэж Улс төрийн мэдээллийн төвийн ерөнхий захирал Алексей Мухин ярив. Тэр хэлэхдээ: «АНУ нефтийн нөөцтэй нутаг дэвсгэрт хяналт тогтоох зорилтоо биелүүлсэн. Иракийн нефтийн орд газрыг боловсруулах, түүхий нефтийг бусад оронд тээвэрлэхэд үр ашигтай эсэхэд асуудлын гол оршиж байна. Орд газрыг боловсруулах тухай ярих ч үгүй байна. Нүд хариулах үүднээс тэндээс цэрэг гаргах тухай яриа хэлэлцээ хийж байна». Хоёр нөхцөл байдал үүсээгүй бол итгэл үл үзүүлэх асуудлын тухай ярихгүй байх байсан биз ээ. Нэгдүгээрт Иракийн кампанит ажил таамаглаж байснаас ч удаан үргэлжилж, санхүүгийн хувьд хэт их зардалтай, олон хүний аминд хүрсэн учраас америкийн нийгэмд тэргүүн зэргийн тулгамдсан асуудлын нэг болсон. Хоёрдугаарт сонгуулийн өмнөх санаархалын талаар мартаж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Бүгд найрамдах намын өрсөлдөгчид тэмцлийн энэ чухал хөзөр тухайлбал өнөөгийн засаг захиргааны гадаад бодлого зэрэг ёс бус үйлдлийг орхигдуулахыг хүсэхгүй байна. Олон улсын харилцааны түүхэнд хоёр дахь Вьетнам хэмээн тэмдэглэж буй Иракийн дайн зэрэг Ж.Бушийн хувьд шуугиан дэгдээсэн асуудлыг ч ялгаагүй орхих бодолгүй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>