Орос улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх 60 гаруй компани Лондоны захад болж байгаа “Фарнборо-2008” нисэх онгоц сансрын үзэсгэлэнгийн үеэр нисэх аппарат бүтээх салбарт гаргасан шинэ ололт амжилтаа харууллаа. 1932 оноос зохион явуулж байгаа “Фарнборо” үзэсгэлэн нь өдгөө нисэх онгоц сансрын техникийн хамгийн нэр хүндтэй, томоохон үзэсгэлэнгийн нэг болсон. Энэ үзэсгэлэн нисэх онгоц угсрах салбарт болсон энэ жилийн гол үйл явдал юм. Уламжлал ёсоор үзэсгэлэнд нисэх онгоц үйлдвэрлэлийн шинэ үеийн нүүр царайг тодорхойлж буй зохион бүтээх, технологийн шинэ бүтээлийг дэлгэн үзүүлсэн. Үзэсгэлэнгийн Оросын хэсэгт тогтсон заншлаар агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, сансрын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, иргэний болон давхар зориулалттай орчин үеийн нисэх онгоцны техникийн бүрэн үзмэрийг дэлгэн тавьжээ. Орос улсын нисэх онгоцны үндсэн хэсгийг бүрдүүлж байгаа “Сухой” маркийн нэрд гарсан нисэх онгоц “Фарнборо-2008” үзэсгэлэнд онцгой байр эзэлж байна гэж Стратеги, технологийн дүн шинжилгээний төвийн захирал Руслан Пухов тэмдэглэллээ. Тэр хэлэхдээ: «Фарнборо үзэсгэлэнд “Су-35” олон функцтэй байлдааны шинэ нисэх онгоцыг танилцууллаа. “Сухой” компани энэ үзэсгэлэнд “Супержет-100” бүс нутгийн нисэх онгоцоо идэвхтэй танилцуулна. 100 хүний суудалтай том биш оврын энэ нисэх онгоц “Ту-134” нисэх онгоцны оронд ашиглана. Харин дэлхийн зах зээлд энэ нисэх онгоц ижил ангиллын нэрд гарсан нисэх онгоцтой өрсөлдөнө. Үзэсгэлэнд 5 дахь үеийн нисэх онгоц онцгой анхаарал татаж байна. Одоогоор мэдээллийг нь нууцалж байгаа энэ нисэх онгоц ирэх оны төгсгөлд анхны нислэгээ үйлдэнэ. Энэ нисэх онгоцыг Оросын ойрын түнш Энэтхэгтэй хамтран бүтээж байна. Нисэх онгоц дэлхийн зах зээлийн 35-40 хувийг эзэмшинэ гэж найдаж байна гэж Руслан Пухов хэллээ. Нисэх онгоц, сансрын техникийг бүтээж, ашиглахад олон улсын хэмжээнд хамтран ажиллах нь энэ өндөр технологийн салбарыг хөгжүүлэхэд тодорхойлох үүрэг гүйцэтгэж байна. “Сухой-Супержет-100” бүс нутгийн нисэх онгоц бүтээх дээр дурдсан төсөлд дэлхийн нисэх онгоцны 30 гаруй томоохон компани оролцсон юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>