Гэр бүлийн жилийн хүрээнд энэ баярыг анх удаа ийм өргөн хүрээнд тэмдэглэж байна. Улс орны гэр бүл, нийгмийн бодлого нь оросын нийгмийн хүн ам зүй, ёс суртахууны асуудлыг шийддэг гол хөшүүргийн нэг болоод байна. Өрхийн гишүүдийн эрүүл мэндийг сайжруулахад төрөөс бололцоотой бүхнийг хийж байна. Зөвхөн сүүлийн жилүүдэд гэр бүлийг дэмжих холбооны хэд хэдэн төсөл хэрэгжүүллээ. Тухайлбал өрх толгойлсон эхийг дэмжих, татварын хөнгөлөлт эдлүүлэх, залуу гэр бүлд зээл олгох, гэр бүлийн хараат бус байдлыг хангах хууль эрх зүйн үндсийг хангах, тэтгэврийн хангамж бүхий гэрийн эзэгтэй эмэгтэйчүүдийн давхарга бий болгох зэрэг юм. Хүүхэдтэй тухайлбал олон хүүхэдтэй гэр бүлд нийгмийн дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн нэр хүндийг бэхжүүлэх, тулгуур үнэт зүйлийг сэргээхэд төрөөс онцгой анхаарал хандуулж байна. Эх, хүүхдийг хамгаалах нийгмийн дорвитой хөтөлбөр боловсруулж байна. Оросын үнэн алдартын сүм нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төр засагт идэвхтэй тусалж байна. Гэр бүл, хайр дурлал, итгэлцлийн шинэ баярыг 7-р сарын 8-нд зарласан нь тохиолдлын хэрэг биш юм. Энэ өдөр үнэн алдартны шашны сүсэгтнүүд 13-р зууны гэгээн Петр, Феврони нарыг дурсдаг. Эртний оросын Муром хотын ухаалаг удирдагчид бие биенээ чин сэтгэлээсээ хайрлаж, итгэж, ханийн үүргээ сайн биелүүлж, сайн үйлсээрээ нэрд гарсан билээ. “Гэгээн хос Петр, Феврони нарын амьдрал орос хүн бүрт үлгэр дууриалал болох ёстой” гэж Москвагийн сүм хийдийн газрын төлөөлөгч, Смоленск, Калининградын хамба Кирилл итгэлтэй байна. Хэрэв залуу үе энэ хоёр гэгээн хүмүүсийн амьдралыг тунгаан бодож, үнэнч хайр сэтгэлээ хадгалахыг оролдовол Орос улсад тун удахгүй эцэг эхгүй, өнчин эсвэл хараа хяналтгүй хүүхэд цөөрнө. Орос улсад тун удахгүй хүн бүр бие биедээ хариуцлагатай хандана. Хайр сэтгэл гэдэг юуны түрүүнд бусдын өмнө хүлээсэн хариуцлага юм гэж хамба лам үгээ төгсгөв. Шинэ баяр үнэн алдартны шашнаас улбаатай ч, шашных хэмээн явцуурах хэрэггүй гэж хамба Кирилл үзэж байна. «Энэ сайхан санааг Оросын бүх уламжлалт шашин дэмжсэн. Шашин бүрт үнэнч сэтгэл, хайр сэтгэл гэж байдаг. Тиймээс шашин хоорондын зөвлөлгөөний үеэр ийм баяр тэмдэглэх санааг хэлэлцэхэд бүх шашны төлөөлөгчид халуунаар дэмжсэн юм. Энэ баяр гэр бүлийг бэхжүүлэхэд оросын ард түмэнд туслаад зогсохгүй нийгмийн бүх амьдралд ёс суртахуун зонхилж, манай нийгмийн оюуны үнэт зүйлийг сэргээхэд тусална». Гэгээн хосын мөнх нойрсож байгаа Муром хотод ёслолын үндсэн арга хэмжээ болно. Улс орны бусад хотод шинэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тухайлбал Москвад үзэсгэлэн, задгай концерт, цэцэрлэгт хүрээлэнд ард нийтийн өргөн зугаалга зэрэг болно. Хотын төвд “эвлэрэх сандал” гэгчийг байгуулна. Ам муруйсан хос тэнд эвлэрэх юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>