Японы хамгийн хойд хэсгийн Хоккайдо аралд өнөөдөр “их наймын” дээд хэмжээний уулзалтын хүрээнд дэлхийн чухал асуудал шийдэх ерөнхий алхам боловсруулж байна. Манай тусгай сурвалжлагч Михаил Куракин Японоос дамжуулж байна. «Нуур, ой, чимээ аниргүй зочид буудалд дээд хэмжээний уулзалт болж байна. Японы зохион байгуулагчид чухал хэмээн анх тодорхойлсон экологийн сэдвээр дэлхийн удирдагчид яриа өрнүүлж, тунгаан бодоход энэ газар хамгийн их тохирч байна. Санхүүгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнэ өсөх, нефть болон бусад эрчим хүчний нөөцийн үнэ огцом өсөх зэрэг дэлхийн бусад асуудлыг хэлэлцэхэд энэ газар хамгийн их тохирно». Дэлхийн тэргүүлэх найман орны тэргүүн нар өнөөдөр цаг уурын ноцтой өөрчлөлтөд хүргэж байгаа хүлэмжийн хийг 2050 онд тал хувь хүртэл бууруулахаар тохиролцсон байна. Хятад, Энэтхэг зэрэг хурдтай хөгжиж байгаа улс орнуудыг энэ зорилтод хүрэхэд онцгой хувь нэмэр оруулахыг уриаллаа. Дэлхийн тэргүүлэх хөгжингүй орны удирдагчид нефть, хүнсний үнийг тогтворжуулах талаар тохиролцлоо. Дэлхийн эдийн засгийн инфляцийн хандлагад “их наймын” төрийн тэргүүн нар их түгшиж байна. Өнөөдрийн дээд хэмжээний уулзалтаар эрүүл мэндийн салбар, халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батална. Хоккайдод байгаа Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн чухал салбарыг идэвхжүүлж, дэмжихийг уриаллаа. Орос улс “их наймын бүлгийн” хүрээнд энэ салбарыг санхүүжүүлэх үүргээ бүрэн биелүүлж байгаа гэж тэр хэлэв. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний болон олон улсын янз бүрийн төсөл хэрэгжүүлэхэд сүүлийн жилүүдэд 500 сая долларын хөрөнгө оруулсан юм. Орос улс эрүүл мэнд, энэ салбарт олон улстай хамтран ажиллаж буй дэлхийн тэргүүлэх орны нэг болж байна.

Oрчуулагч Г.Нарангарав

<сонсох>