Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин Сочи хотод болсон зөвлөлгөөний үеэр ийнхүү мэдэгдлээ. Зөвлөлгөөний төгсгөлд олимпийн зарим объектыг босгох төлөвлөгөөнд дорвитой өөрчлөлт оруулсан. Манай тоймч Светлана Андреева дэлгэрэнгүйг хүргэнэ. Спортын хэд хэдэн байгууламж тухайлбал бобслей чаргын замыг дархан цаазат газрын захад барихаар төлөвлөж байсан. Экологийн байдлыг харгалзан дээрх объектыг өөр газар барина. 2014 оны Олимпийн наадмын нийслэл Сочи хотод оросын хамгийн өргөн хүрээтэй барилгын ажил эхлээд байна. Хэдэн жилийн дотор энд янз бүрийн зориулалттай 218 объект барина.
Барилгын ийм өргөн хүрээтэй ажил эхэлсэнд экологчид түгшиж эхэллээ. Сочи хотын нутаг дэвсгэр нь байгалийн онгон төрхөөрөө байгаа дэлхийн цөөн газрын нэг юм. Эндхийн 6 мянган зүйлийн амьтан, ургамалыг Улаан номонд оруулсан. Сочид болсон хуралдааны үеэр В.Путин хүрээлэн буй орчны хамгаалагчдыг тайвшруулж, экологийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж, одооноос бүх асуудлыг олон нийтийн өмнө хэлэлцэнэ гэж хэлэв. «Сочид хийж байгаа бүхэн манай ард түмний оршин амьдрах орчныг сайжруулах ёстой. Бид өөрөөр хандавал утгаа алдана. Эхлээд бүс нутгийн байдал тухайлбал дэд бүтэц, тээвэр, эрчим хүчний хангамжийн сайжруулах зорилт тавьсан. Энэ нь экологийн байдалд ч хамаатай. Бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах явдал нь ямагт зөрчилдсөөр байгаа. Хөгжил, байгаль орчныг хамгаалах тухайд оновчтой шийдвэр гаргах нь чухал гэж В.Путин хэллээ. Бобслей чаргын зам, уулын олимпийн тосгоныг шилжүүлэх анхны шийдвэрт экологичид сэтгэл хангалуун байна. Эдгээр объектыг барих хөрөнгийг зарим хэсгийг зарцуулсан ч гэлээ ийм шийдвэр гаргалаа. Шинэ талбайд объект барихад өртгө, зардал нэмэгдэх ч, байгальд учрах хор хохирлыг хожим санхүүгийн ямар ч эх үүсвэрээр нөхөх аргагүй. Олимпийн хэд хэдэн объектыг шилжүүлэх шийдвэр гаргахдаа оросын тал ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогийн байр суурийг харгалзсан. Олимпийн объектыг босгоход экологийн шаардлага чухал болохыг тэрээр сануулсан юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>