Foto http://www.expert.ruМанай нэвтрүүлэгт оросын нэрд гарсан монгол судлаач, Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн Монголын салбарын дарга Владимирий Грайворонский оролцож байна. Монгол улсын нийслэлд энэ долоо хоногийн эхээр болсон үйл явдалд дүн шинжилгээ хийхийг бид түүнээс хүссэн юм. Түүхийн ухааны доктор Владимир Грайворонскийд тавих анхны асуулт, Таны бодлоор Монгол Улсад болж байгаа эмх замбараагүй байдлын гол шалтгаан юу вэ?
В.Грайворонский: «Парламентын сонгууль, урьдчилсан дүнгийн эргэн тойронд болсон улс төрийн хурц тэмцэл юм. Энэ бүх үйл явдал Монгол урьд төсөөлж байсанчлан амгалан, тайван арал биш болохыг харууллаа. УИХ-ын сонгууль улс төрийн хоёр гол нам тухайлбал төрийн эрхэнд байгаа МАХН, сөрөг хүчин Монголын Ардчилсан Намын /МАН/ хооронд болсон хурц тэмцэлд болж өнгөрлөө. Сонгуульд 11 нам, иргэний хөдөлгөөний нэг эвсэл оролцсон. Бусад намаас нэр дэвшсэн олонх хүний төлөө цөөн сонгогч санал өгсөн. Социологчдын урьдчилсан таамгаар МАХН ялах ёстой байсан гэж хэлэх хэрэгтэй. Сонгуулийн албан ёсны дүнг танилцуулахаас өмнө МАХН-ын удирдлага 6-р сарын 30-нд ялалт байгуулснаа зарласан юм. МАХН, МАН-д өгсөн саналын тоо эрс ялгаатай байсан тул МАХН сонгуулийн дүнг гуйвууллаа хэмээн Ардчилсан намын удирдлага үзсэн юм. Ардчилсан намын төлөөлөгчид МАХН сонгуулийн үр дүнг гуйвуулсан хэмээн албан ёсоор мэдэгдэж, саналын хуудсыг дахин тоолохыг шаардсан нь МАХН-ын эсэргүүцэгчдийн эгдүүцлийг хүргэж, нэг ёсондоо дохио болсон. Сонгуульд олон улсын олон ажиглагч оролцсон бөгөөд сонгууль тогтсон хууль тогтоомжийн дагуу болж, ноцтой зөрчил гараагүй гэж тэд мэдэгдсэн юм. Энэ удаагийн сонгууль өмнөх жилийнхээс илүү зохион байгуулалттай, шударга болж өнгөрсөн гэж хэвлэлийн төлөөлөгчид, олон улсын ажиглагчид тэмдэглэсэн юм».
Асуулт: МАХН сонгуулийн албан ёсны дүнг танилцуулахын өмнө яалалтаа зарласан. Энэ хэр үндэслэлтэй вэ?
В.Грайворонский: «МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Отгобаяр 6-р сарын 30-нд сонгуулийн урьдчилсан дүнд тулгуурлан мэдэгдэл хийсэн юм. МАХН-ын төлөөлөгчид Монголын засаг захиргааны томоохон нэгж аймгуудын сонгуулийн дүнд тулгуурлан ийнхүү мэдэгдсэн юм. Тухайн үед МАХН олонх аймагт үнэхээр сонгогчдын ихэнх санал авсан. Хүн амын 40 хувь нь оршин суудаг нийслэлийн тухайд бие даасан тойргуудад МАХН давамгайлж байгааг мэдэгдэж байсан ч, ялалтын тухай хэн ч зориглон мэдэгдээгүй юм. Улаанбаатараас ирж байгаа мэдээнээс үзэхэд МАХН-ыг дэмжигчдийн тоо Ардчилсан намынхаас бараг хоёр дахин их байна».
Асуулт: Ардчилсан намын дэмжигчдийн энэ үйлдлийг тохиолдлыг эсвэл цаанаасаа бэлтгэлтэй байсан гэж үзэж байна уу?
В.Грайворонский: «Энэ үймээн самуунд хүмүүс тохиолдлоор бус зорилготой оролцсон гэж хэлж болохоор байна. Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ нь ардчилсан намынхны боловсруулсан төлөвлөгөөний нэг хувилбар юм. Үүнийг урьдаас төлөвлөж, бэлтгэсэн нь илт. Шатах бодис бүхий лонхыг ерөнхий сайд С.Баярын байсан МАХН-ын байрны цонх руу шидсэн. Ард түмэн сүүлийн жилүүдэд эрх баригч МАХН-ыг авилга болон бусад зүйлд буруутгах болсон. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд тус улсын эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшин нэлээд нэмэгдсэнийг хэлэх хэрэгтэй. ДНБ-ийн нэг хүнд ноогдох дундаж хэрэглээ 400-500 доллароос 1300-1400 долларт хүрсэн байна. Монголчуудын хувьд энэ томоохон амжилт. МАХН сонгуульд ялалт байгуулахад нөлөөлсөн гол үзүүлэлтийн нэг нь энэ юм.»
Асуулт: МАХН, МАН-ын хоорондын үндсэн зөрчил нь юу вэ? Тэдний хөтөлбөрт ялгарах зүйл байхгүй мэт санагдах юм.
В.Грайворонский: «Намуудын хөтөлбөрт ялгаатай зүйл байхгүй гэдэгт тантай санал нэг байна. Хоёр намын гадаад бодлого үндсэндээ адилхан. Орос, Хятад улстай сайн хөршийн, нөхөрсөг тэнцвэрт харилцааг дэмжих, АНУ, Япон, Солонгос, Европын Холбоо, Герман зэрэг бусад улстай харилцаагаа хөгжүүлэх зэрэг тэргүүн зэргийн зорилт тавьсан. Үзэл сурталын тухайд МАХН урьдын адил коммунистууд хэвээр байгаа хэмээн ардчилсан намынхан үзэж байгаа юм. Энэ тийм биш. МАХН марксизм-ленинизм, коммунизмын бүтээн байгуулалтаас хэдийн татгалзсан. Энэ нам зүүнтний чиг баримжаатай, социал-ардчилсан нам юм. Тус нам хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, ардчилал, зах зээлийн харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаа юм. Өнөө үед монголчууд Үндсэн хуульд зааснаар “хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм” цогцлуулж байна».

Орчуулагч Г.Нарангарав

сонсох