Энэ хоёр улсад байгаа АНУ-ын зэвсэгт хүчинд санхүүжилт дутагдаж байгаа нь ойлгомжтой. Америкийн Конгрессын хууль тогтоох хоёр танхим энэ асуудлаар ноцтой санал зөрөлдсөнгүй. Ардчилсан намын төлөөлөгчид америкийн цэргийг Иракаас гаргах график төлөвлөгөөг хуулийн төсөлд оруулахыг нэлээд оролдсон юм. Тэд зорьсондоо хүрэлгүй Цагаан ордны шахалтад оржээ. Иракаас АНУ-ын цэргийг гаргах зохиомол хугацааг тогтоогүй учраас ерөнхийлөгч Жорж Буш хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа тэр даруй мэдэгдлээ. Вашингтон Ирак, Афганистанд терроризмын эсрэг тэмцэл явуулж байна гэж мэдэгдэж байгаа ч, улс төр, олон улсын хууль эрхийн байр сууринаас харахад энэ хоёр улсын байдал ялгаатай юм. Америкийн цэргүүд Афганистанд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандатын дагуу НАТО-ийн энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд байгаа. Харин Иракт Вашингтон НҮБ-ын дүрмийг үл харгалзан, тусгаар улсын эсрэг дайн дэгдээхээр цэргээ илгээсэн. Энэ хоёр орны асуудлыг Вашингтон хүчээр шийдвэрлэхийг оролдож байгаа учраас тус хоёр улсын байдал ижил төстэй болж байна. Мөн энэ хоёр улсад байдал улам дордсоор байгаа нь бас төстэй юм. Иракаас нэг мөсөн цэргээ гаргавал улс орны байдлыг бүрмөсөн тогтворгүй болгоно. Америкийн цэргийг гаргах график төлөвлөгөө гаргаснаар эсрэгээр иракчүүдийг тайвшруулна. Иракийн хүн амын олонх нь америкчүүдийг халдан түрэмгийлэгч, улс орныг самууруулж, ойр дотны хүмүүсийн үхэлд буруутай хэмээн үзэж байгаа нь нууц биш ээ. Иракт явуулсан олон нийтийн санаа бодлыг судлах санал асуулгын дүн энэ байр суурийг баталж байна. Багдадын үндэстний цөөнх, улс төр, шашны тэрүүлэх удирдагч олон хүн үүнтэй санал нэг байна. Орос улсын удирдлага үүнийг харгалзан Иракт АНУ-ын цэрэг алба хаах хүрээг тогтоох ёстой гэж үзэж байна. Вашингтон ийм алхам хийхээс татгалзаж байгаа нь тус улсад урт хугацаанд үлдэж, бүс нутагт өөрийн ашиг сонирхолоо хамгаалах талбар болгох далд санаа агуулж байна гэж олон ажиглагч дүгнэхэд хүрч байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>