Долларын ханш тогтворгүй байгаа нь америкийн төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөөлж байна. Нью-Йоркийн үнэт цаасны биржийн пүрэв гаригийн арилжааны төгсгөлд үнэт цаасны ханш эрс уналаа. Улс орны үйл ажиллагааны гол үзүүлэлт Доу Жонесийн индекс 358 гаруй пунктээр буусан байна. Хоёр жилийн өмнө буюу 2006 оны 9-р сарын 25-нд мөн иймэрхүү байдал ажиглагдсан. Далайн чанадад болж байгаа үйл явдал Токиогийн үнэт цаасны биржид мөн нөлөөллөө. Өглөөний арилжаа төгсөх мөчид Японы тэргүүлэх 225 компанийн үнэт цаасны үнийн ханшийг тэмдэглэдэг Никкей индекс 2 гаруй хувиар буурсан байна. Энэ индекс 307 гаруй пунктээр унажээ. Нефтийн үнэ байнга өсч байгаагаас биржийн үзүүлэлт буурч байгаа гэж олон шинжээч тайлбарлаж байна. Пүрэв гаригт баррель “хар алтны” үнэ түүхэн дээд хэмжээнд буюу 140,39 долларт хүрлээ. Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн гол шинжээч Дмитрий Смыслов энэ асуудлыг илүү өргөн байр сууринаас харж байна. Тэр ярихдаа: «АНУ-д зээлийн үнэт цаасны үнэ өнгөрсөн жил унах үеээс дэлхийн санхүүгийн хямрал эхэлсэн. Хямарлын давалгаа дэлхийг хамарч байна. Одоогоор үнэт цаасны биржүүдэд хүчтэй цохилт боллоо. Дэлхийн хэд хэдэн орны эдийн засгийн байдлыг сулруулаад байгаа нефтийн үнийн өсөлт мэдээж хэрэг үүнд шууд хамаатай. Энэ хямрал ирэх оны дунд үе хүртэл үргэлжилнэ гэдэгт бүх мэргэжилтэн санал нэг байна». Объектив, субъектив хүчин зүйлийн улмаас нефтийн үнэ өсч байна. Нефтийн үнэ өссөн нь долларын ханш унасантай шууд холбоотой. Эрчим хүчний нөөц нийлүүлэгчид үндсэн төлбөр тооцоо хийдэг америк валютын хашны хэлбэлзлээс үүдэлтэй алдагдлаа ийм байдлаар нөхөхийг оролдож байна. Эх газрын усан доорх үргэлжлэл, очиход төвөгтэй газар шинэ орд газар эзэмшихэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг мартаж болохгүй. Энэ нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Дамлах тохиолдол ч байна. Эдийн засаг найдваргүй байгаа энэ нөхцөлд томоохон хөрөнгө оруулагчид нефть, өнгөт металл, үр тариа зэрэг түүхий эдэд хөрөнгө оруулахад бэлэн байна. Ингэснээр санхүүгийн ноцтой алдагдал хүлээхээс зайлсхийгээд зогсохгүй капиталаа нэмэгдүүлэх боломжтой гэж тэд үзэж байна. Ойрх, Дундад Дорнодын геополитикийн байдал муудаснаас түүхий эдийн эрэлт ихсэж байна. Вашингтон нэг бус удаа Иранд заналхийлсэн мэдэгдэл хийх тоолонд нефтийн зах зээл цочирдог.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>