Баруун Сибирийн энэ хязгаар эдийн засгийн бүхэл бүтэн хэд хэдэн үзүүлэлтээр хэдэн жилийн турш тогтвортой тэргүүлж байна. Тухайлбал нефть, хийн олборлолт, аж үйлдвэрлэлийн хэмжээ, хөрөнгө оруулалтын төслийн тоо зэрэг юм. Саяхнаас Юград тодруулбал Ханты-Мансийскийн автономит тойргийн нийслэлд олон улсын форумыг зохион явуулах болжээ. Хамгийн нөлөө бүхий арга хэмжээний нэг Европын Холбоо- Орос улсын дээд хэмжээний уулзалт энэ оны 6-р сарын 26-27-нд болно. Дараа нь 6-р сарын 28-30-нд энд финн-угорын ард түмний Дэлхийн конгресс болно. Цэлмэг өдөр онгоцны бүхээгнээс Ханты-Мансийскийн автономит тойрог зах хязгааргүй үргэлжлэх нуур, тайгын арал бүхий сүлжилдсэн гол мөрөн үзэгддэг. Ус, ойн энэ ертөнцөд хүн байх зай байхгүй мэт санагдана. Гэнэт нүдний өмнө нарны туяанд гэрэлтэх сүмий орой харагдана. Энэ бол Ханты-Мансийскийн автономит тойрог юм. “Хэдэн жилийн өмнө хотод ямар ч том хэмжээний сүм байхгүй байсан гэж итгэхэд бэрх” гэж Ханты-Мансийскийн автономит тойргийн оршин суугч Любовь Анатольевна ярьж байна. Уран зургийн галарей, Хойд нутгийн ард түмний хүүхдийн уран бүтээлийн төв зэрэг олон зүйл байхгүй байсан гэж бодохоор хэцүү юм хэмээн тэтгэвэрт суугаа энэ эмэтэй ярьж байна. “Би энд төрж, өссөн. Хот өдөр ирэх тусам улам сайхан болж, сүндэрлэж байна. Миний танилууд 2-3 жилийн дараа хотдоо ирээд танигдаггүй. Ханты-Мансийскийн автономит тойрогт том хэмжээний барилгын ажил өрнөж байна. Хүүхэд, залуус, тэтгэврийн насныхан амрах олон газар бий болж байна”. Кристина Орлова 30 настай. Тэрээв Ханты-Мансийскт төрсөн бөгөөд онцгой өнгө төрх оруулж байгаа хотын архитектур түүнд сайхан санагддаг байна. Орчин үеийн уран барилгын нэрд гарсан архитекторч Эрик ван Эгераат Югра хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулж байгаа бөгөөд английн архитекторч Норманн Фостер олон функцтэй цогцолборын нэгийг барина. “Сайхан хот. Түүхэн дурсгалт зүйл олон байдаг. Цаашид ч улам олон болно гэж Кристина Орлова ярьж байна. Хамгийн гол нь хүмүүс хотоороо бахархаж байна. Манай хот их цэвэрхэн бас тав тухтай. Сайхан байгаль, цэцэрлэг, амралтын бүстэй. Ханты-Мансийскээс холгүй Иртыш мөрөн урсдаг. Нутгийн оршин суугчид голын эрэг дээр ирж, амрах дуртай”. Хурдан дэвжин хөгжиж байгаа Ханты-Мансийск нь 21-р зууны шилдэг архитекторчдын санаагаа хэрэгжүүлэх талбар юм. Энэ хот 50 жилийн тэртээ нефть олборлох тосгон байсан. Хар алтны орд газрыг боловсруулахын тулд хот барьсан. Анхандаа хүн ам нь нэлээд их өөрчлөгдсөн. Дараа нь аажмаар үндсэн яс нь бүрдсэн. Өнөөдөр эсрэг үйл явц болж байна. Урьд тэндээс явж байсан хүмүүс одоо буцаж ирж байна. Тэд нефть олборлохоор ирж байна уу? Тус хотод ирээд удаагүй байгаа хүмүүсийн нэг, хөгжимчин Вячеслав Петров тийм биш хэмээн хариулж байна. Ханты-Мансийск хот онцгой уур амьсгалтай. Энд амар тайван, тав тухтай. “Төрөлх хотдоо ямагт буцаж очмоор санагддаг. Эндхийхэн бүгд бие биенээ танина. Сэтгэл тайван, таатай уур амьсгалтай хот. Зөвхөн нефть олборлоод зогсохгүй хүн бүр өөрийнхөө ажлыг эрхэлдэг. Нефтийн үйлдвэрийн ажилтнууд бий. Тэдэнгүй бол хэрхэх вэ?”Ханты-Мансийскийн ойролцоо өнөөдөр нефтийн үйлдвэр байхгүй. Үйлдвэрийг өөр дүүрэгт барьсан бөгөөд ойр орчимд нь том хот барихаа больсон. Орд газар сүндэрлэсэн хот эдийн засаг, соелын хэтийн төлөвтэй хот болон хувирсан дэлхийн цорын ганц тохиолдол нь Ханты-Мансийск юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>