Тус сан устаж үгүй болж байгаа, ховор ан амьтныг хамгаалах байгалийн онцгой хамгаалалттай бүс байгуулсан. Орос улсын Алс Дорнодын Хабаровскийн хязгаарт энэ нутаг дэвсгэрийн хэмжээ 2008 онд 2 сая гаруй га талбайг эзэлдэг. Хууль бусаар агнах, хоол хүнс хомсдох, газар нутаг нь өөрчлөгдөж байгаа зэрэг багагүй шалтгаанаар ховор ан амьтны хувь заяа түгшүүртэй байна. Хабаровскийн зэрлэг амьтны сан Ан агнуурын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнтэй хамтран сүүлийн 10 жил амурын барыг хамгаалах ажлынхаа дүнг гаргав. Оросын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Ан агнуурын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Юрий Дунишенко энэ ажлын үр дүнгийн талаар ярьж байна: «Би 5 загвар талбайд ажилладаг. Тодруулбал сая га газрын 80 маршрутаар ажилладаг. Бид жилд 2 удаа энэ маршруутаар явдаг. Тухайлбал туйратан амьтны хэдэн маршрут шилжсэн, ямар насны хэдэн бар байгаа, энэ маршрутад хэдэн хэдэн мод бэлтгэгчид бий болсон зэрэг тоог гаргадаг. Арван жилд нэг удаа бүх барыг тоолдог. Ойд зуугаад хүн энэ ажлыг хийдэг. 1995-2005 онд бар, бамбар, бамбартай эм бар эрс цөөрчээ. 2005 оноос хойш тэжээлийн нөөц нэмэгдэж, бор гөрөөсийн тоо нэмэгдсэн учраас барын тоо ч нэмэгдсэн байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд барын тоо толгой эргээд цөөрч байна. Хүмүүс ойн их хэмжээний газар нутгийг эзэмшиж байгаа нь нэг шалтгаан юм. Урьд бар нутаглаж байсан газар зам тавьсан байгаа. Бар нутагладаг газарт тэжээлийн нөөц шаардлагатай. Хүмүүс ойг эрчимтэй эзэмшиж байгаагаас барын зүйлийг хадгалах боломж багасч байна». Өөр нэг аюул занал нь хууль бусаар агнаж байгаа явдал юм. Амурын бар нь дэлхийн хамгийн том муур юм. Одоогоор Орос улсын Алс Дорнод, Хятад улсад л үлджээ. Хятадын эрдэмтийн тооцсоноор тус улсад 20-30 орчим амурын бар нутагладаг байна. Би өөрөө Цилинь, Хейлунзян мужид ажиллахад ердөө 5-7 бар тоолсон. Орос улсад хийсэн тооллогоор 10 жилд Хабаровскийн хязгаарт амурын барын тоо 452 байсан бөгөөд үүний 80 нь бамбар байжээ. Нутаглах газар нь хумигдсаар байгаа учраас Хабаровскийн хязгаарт цөөн бар байна. Сүүлийн 10 жилд Хабаровскийн хязгаарт 95 барыг устгасан. Хэрэв хууль бус ан агнуурыг таслан зогсоохгүй бол амурын бар маш хурдан устаж үгүй болно гэж эрдэмтэн Дунишенко ярьж байна. Амьтан судлаач Дунишенко нэрд гарсан эрдэмтэн юм. Тэрээр 20 гаруй жил барын асуудлаар ажиллаж байна. Тэрээр Хабаровскийн зэрлэг амьтны сангийн дарга Александр Куликовтой хамтран “Амурын бар”, “Дэлхийн гол муур” ном бичиж, эрдэм шинжилгээний хэд хэдэн бүтээл туурвисан юм. Амьтан судлаач Дунишенко гадаадад нэг бус удаа ажиллахдаа хятад, солонгосын ажил нэгт нөхөддөө тусалж байв. Ваньдшанд нутаглаж байгаа барыг хамгаалах асуудал хууль бус ан агнуурыг таслан зогсоохоос ихээхэн хамаарна. Оросын эрдэмтэн тэнд олон замтай тулгарч, хууль бус анчдын тавьсан хавханд нэг бус удаа орооцолдож байжээ. Амурын барын тоо толгойг хадгалах нь хоёр орны зорилт хэмээн амьтан судлаач Дунишенко тэмдэглэж байна. Амурын бар Хабаровскийн хязгаар, Приморь болон Хятадын хойд хэсэгт нутагладаг. Энэ амьтан өөр хаана ч байхгүй. Амьтан, ургамалын ертөнц хумигдаж, аюултай түвшинд хүрсэн. Барын гурван дэд зүйл өнгөрсөн зуунд устсан. Бусад нь устах ирмэг дээр байна. Өнгөрсөн зуунд хэдэн 10 мянгаар тоологдож байсан энэтхэгийн барын тоо толгойг Балба, Энэтхэгийн засгийн газар, олон улсын байгууллагын хамтын хүчээр дөнгөж аварсан. Амурын барыг хамгаалах асуудал нь олон улсын гэрээг сахин биелүүлэхтэй холбоотой. Орос улс байгаль хамгаалах олон улсын холбооны Улаан ном, Устах аюулд байгаа зэрлэг ан амьтан, ургамалын зүйлийн олон улсын худалдааны тухай конвенц, Дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах тухай конвенц, Биологийн олон төрөл зүйлийн конвенцид гарын үсэг зурсан юм. Орос улсад амурын барыг хамгаалах асуудлаарх санаачилгын хөтөлбөр, хэд хэдэн хууль тогтоомж, хэм хэмжээг баталсан гэж Хабаровскийн зэрлэг амьтны сангийн дарга Александр Куликов ярьж байна. «Хабаровскт Дэлхийн банкны ивээлээр дэлхийг хамарсан экологийн сангийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Дэлхийг хамарсан экологийн сан гэдэг нь цаг уурын дулааралт болон бусад асуудал, биологийн олон төрлийг хадгалах асуудлыг шийдэхийн тулд байгуулсан нэг ёсондоо харилцан тусламж үзүүлэх касс юм. Орос улс нэмэлт эх үүсвэр татан төвлөрүүлэхийн зэрэгцээ тус сангаас тодорхой хэмжээний мөнгө зээлдэг. Хамгаалалттай нутаг дэвсгэрийн системийг хөгжүүлэхтэй холбоотой төслийг хэрэгжүүлсэн байгаа. Одоо барын нутагладаг газар, байгаль ашиглах уламжлалт систем, био мандалын нөөцийн системтэй холбоотой бүхэл бүтэн цуврал төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>