Чингиз Айтматовын ойр дотны болон садангийн хүмүүст ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, засгийн газрын тэргүүн В.Путин нар хамгийн түрүүнд эмгэнэл илэрхийлжээ. “Чингиз Айтматов бидний сэтгэл зүрхэнд агуу зохиолч, сэтгэгч, сэхээтэн, энэрэн нийгүүлсэгч хэвээр байна” гэж эмгэнэлийн цахилгаан хуудсанд өгүүлжээ. Чингиз Айтматов хагас зуун жилийн тэртээ “Жамиля” анхныхаа туужаар дэлхий дахинаа алдаршсан билээ. Зохиолоо орос хэл дээр бичихийг илүүд үздэг төв азийн Киргизийн бүгд найрамдах улсын авьяаслаг зохиолч зөвлөлтийн төр засгийн болон олон улсын шагнал хүртсэн юм. “Урлагийн хүмүүст голдуу тохиолддог алдар цуу Чингиз Айтматовыг эвдээгүй” гэж оросын нэрд гарсан зохиолч Виктор Ерофеев хэлэв. “Магтаал, бүх шагналд булуулж байхад шударга байна гэдэг их түвэгтэй. Чингиз Айтматов төрийн алдар цуугаас илүүтэй уран зохиолынхоо алдар хүндэд зохих хүн байлаа”гэж В.Ерофеев хэллээ.Чингиз Айтматовын номыг дэлхийн 100 гаруй хэлээр орчуулжээ. Түрэг хэлтэн орнуудын соелын сайд нар саяхан Чингиз Айтматовыг Нобелийн шагналын уран зохиолын төрөлд нэр дэвшүүлсэн юм. Чингиз Айтматовын гүн ухааны гүнзгий агуулгатай туульсын роман 20-р зууны дэлхийн үгийн сонгодог уран бүтээлд багтдаг. Тухайлбал “Өдөр зуунаас удаан үргэлжилдэг”, “Плаха”,”Цагаан хөлөг онгоц” зэрэг бүтээлийг хэлж болно. Чингиз Айтматовыг тохиолдлоор “киргизийн Лев Толстой”, “Киргизийн Гарсиа Маркес” гэж нэрлээгүй. Зохиолч дэлхий дахинаа асар их нэр хүндтэй байсан. Тиймээс Чингиз Айтматовын олон санаачилгыг дэмжиж байсан. Тухайлбал 1980-аад онд “Иссыкулийн форум” олон улсын оюуны хөдөлгөөн бий болсон. Киргизийн “үндэсний сувд” хэмээн Айтматовын магтан дуулсан Иссык-Куль нуурын нэрээр энэ форумыг нэрлэсэн юм. Чингиз Айтматов насан эцэслэх хүртлээ уран зохиол, төр-нийгмийн үйл хэргээ үргэлжлүүлсээр байв. Тэрээр энэ оны 3-р сар хүртэл Бенилюксийн орнуудад Киргизстаны элчин сайд байсан бөгөөд евразийн интеграцчлалын санааг идэвхтэй дэмжигчдийн тоонд багтаж байв. Түүний хэлснээр “Бүгд бүрэн зөвшилцөл, хамтран ажиллах хэлбэрээр амьдрах” хэрэгтэй гэж тэр хэлдэг байв. “Хүн оршин байх утга учир нь үг” хэмээн зохиолч нэгэнтээ хэлж байсан юм. Чингиз Айтматов бидний дунд байхгүй ч, түүний агуу үг орчин цагийн соелын асар том орон зайн нэгтгэгч бат бэх хүчин хэвээр байна.

Орчуулагч Г.нарангарав

<сонсох>