Хуучин ЗСБНХУ-ын орон зайд үүссэн 12 орны нэгдлийн хүрээнд цаашид интеграцчилах шаардлагатай байгааг баталлаа. Орос улсын Санкт-Петербург хотод баасан гаригт дээд хэмжээний уулзалт болсон юм. ТУХН-ийн улсуудын албан бус дээд хэмжээний уулзалт тодорхой хэлэлцэх хэргийн төлөвлөгөөгүй болдог. Энэ удаа ТУХН-ийн улсуудын хүнсний аюулгүй байдлыг хангах, тээврийн системийг хөгжүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцлээ. Таамаглаж байснаар уулзалтад оролцогчид үндсэндээ эдийн засгийн асуудлуудад гол анхаарлаа хандуулав. Петербургийн эдийн засгийн форумын хүрээнд ТУХН-ийн улсуудын албан бус уулзалт болсон нь тохиолдлын хэрэг биш юм. Уулзалтын үеэр Д.Медведев хэлэхдээ, ТУХН-ийн улсуудын үйл ажиллагаанд эдийн засгийн хамтын ажиллагаа нь чухал зорилт, хөгжлийн үндэс хэмээн нэрлэв. Д.Медведев цахилгаан эрчим хүчний нэг зах зээл байгуулахыг ТУХН-ийн орнуудад санал болгов. Эрчим хүчийг хэмнэхэд хамтын ажиллагааны шинэ механизм шаардлагатай. ТУХН-ийн улсуудын эдийн засагт эрчим хүчийг ихээхэн хэмнэвэл тэдний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж Орос улсын төрийн тэргүүн тэмдэглэв. ТУХН-ийн улсууд 2009 онд эрчим хүчний асуудлаар хэлэлцэн тохирох Казахстан, Киргийн саналыг Д.Медведев дэмжлээ. ТУХН-ийн улсууд байгалийн хийн 40 хувь, нефтийн дэлхийн батлагдсан нөөцийн 18 хувийг эзэмшдэг. ТУХН-ийн улсууд жил бүр ямар нэг сэдвээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил тээврийн асуудал байсан. ТУХН-ийн улсууд 2020 он хүртэл тээврийн салбарт хамтран ажиллах тэргүүн зэргийн чиглэлийн бүх саналыг харгалзсан төслийг ажлын хэсэг баасан гаригт баталлаа. ТУХН-ийн улсуудын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалт 9-р сарын 26-нд Киргизийн нийслэл Бишкект болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>