Кибр гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг шийдэхэд Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага, ШХАБ, бүс нутгийн бусад байгууллагатай хамтран ажиллаж буйгаа Орос улс өндөр үнэлж байна. Энэ тухай Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва хотноо болж байгаа “Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын хүчин зүйл” сэдэвт Евразийн 4 дэх форумд оролцогчод мэндчилгээ дэвшүүлэхдээ мэдэгдсэн юм. Мэдээллийн аюулгүй байдлын асуудал өдөр ирэх тусам улам хурцдаж байна. Ийм нөхцөлд дэлхийн янз бүрийн орны мэргэжилтнүүд үүнтэй тэмцэх аюул занал, арга хэрэгслийн талаарх мэдлэг, туршлагаасаа хуваалцах нь онцгой чухал юм. Энэ жилийн форум оролцогчдын бүрэлдэхүүн, Евразийн олон улсын, бүс нутгийн байгууллагын төлөөлөгчийн тоогоор урьд өмнөх форумаас ялгаатай байна. Форумд Москвад суугаа Австрали, Болгар, Бразил, Вьетнам, Дани, Энэтхэг, Чех, Швейцарийн элчин сайдын яамны ажилтнууд оролцож байна. Мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх шаардлагатай болохыг энэ бүхэн харуулж байна. Мэдээллийн хувьсгалын ашиг тус соёл иргэншилд илт мэдрэгдэж байгаа ч, шинэ аюул заналыг бий болгож байна гэж Орос улсын гадаад хэргийн яамны тэргүүн мэдэгдэв. Олон улсын терроризм, цэрэг-улс төрийн давуу талыг хангах ашиг сонирхолд мэдээлэл-харилцаа холбооны шинэ технологийг ашиглаж болзошгүй байгаад онцгой түгшиж байна. Орос улс, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс багтдаг Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага мэдээлэл технологийн салбарын гэмт хэрэгтэй тэмцэхэд идвэхтэй хамтран ажиллаж байгаа тухай тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. «Аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан ямар ч асуудлыг мэдээлийн аюулгүй байдлын хүчин зүйлийг ашиглахгүйгээр шийдэх боломжгүй. Тиймээс Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын хүрээнд бид энэ салбарын хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Энэ нь кибр гэмт хэргийн эсрэг хамтран тэмцэх, теле харилцаа холбооны системийн стратегийн объектын аюулгүй байдлыг хангах зэрэг ажил юм. Энэ үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах нэг чиглэл нь олон улсын хамтын ажиллагаа билээ. Манай хамтын ажиллагаа өнөөдрөөс тодорхой үр дүнд хүрч байна. Орос, Белорус улс хамтарсан хэд хэдэн ажиллагаа явуулсны дүнд банкуудаас санхүүгийн хэрэгслийг идэж шамшигдуулахад мэдээлэл-харилцаа холбооны технологи ашиглаж байсан гэмт бүлгийг илрүүлсэн юм» гэлээ. Мэдээллийн аюулгүй байдлын Евразийн форумын хүрээнд “Хөгжин, цэцэглэхийн төлөө хүмүүнлэгийн хамтын ажиллагаа” электрон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн уралдааны дүнг гаргасан. “Оросын дуу хоолой” радио шагнал хүртсэн байгаа. Мэдээлэл, сэдэвчилсэн нэвтрүүлийн ерөнхий редакцийн тоймч Лада Коротун мэдээллийн салбарт Евразийн орнуудын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны үнэт зүйлд зориулсан цуврал материал бэлтгэж шагнал хүртсэн байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>