Ижил мөрний эрэг дээрх бүгд найрамдах улс Татарстаны нийслэл Казань Дэлхийн оюутны наадмыг зохион явуулах эрхтэй болжээ. Олон улсын оюутны спортын холбоо өнгөрсөн бямба гаригт санал хурааж ийм шийдвэр гаргасан байна. Манай сурвалжлагч Константин Гарибов тайлбарлахдаа, Испанийн Виго, өмнөд Солонгосын Кванжу хот энэ эрхийн төлөө өрсөлдсөн юм. Олон улсын оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны 27 гишүүний 20 нь Универсиадыг Казань хотод явуулахыг дэмжсэн байна. Универсиадыг зохион явуулсан түүхэнд Орос улсад ганц удаа буюу 1973 онд Москва хотод Универсиад болсон юм. Казань хот хоёр дахь оролдлогоор оюутны наадмыг зохион явуулах эрх авчээ. Түрүүчийн удаа Казань хот хятадын Шэньжэнь хотод 2 саналаар ялагдсан юм. Казань хот Орос улсын цуврал амжилтыг үргэлжлүүлж байна гэж уран гимнастикийн спортын олимпийн олон удаагийн аварга Алина Кабаевагийн үзэж байна. «Орос улс дахин ялсанд би баяртай байна. Орос улс хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, европын цомыг хүртсэн» гэж А.Кабаева хэллээ. Казань хотод зуны Универсиадыг зохион явуулах бэлтгэл ажлыг хангаснаар цаашид Орос улсад спортыг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой хэмээн биеийн тамир, спортын Улсын агентлагийн дарга Вячеслав Фетисов үзэж байна. «Дунд сургуулийн сурагчдын дунд биеийн тамир, спортыг хөгжүүлснээр оюутны спортыг тэс өөр түвшинд хөгжүүлэх сайхан боломж бидэнд нээгдэж байна. Энэ нь спортын талбарт төдийгүй Орос улсын ирээдүйн бусад бүх чиглэлд амжилт гаргах үндэс юм» гэж В. Фетисов тэмдэглээ.ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Казань хотын оршин суугчдад ялалт байгуулсанд баяр хүргэжээ. Универсиадыг зохион явуулахад Казань хотыг сонгосон нь оросын олимпийн хөдөлгөөн, манай орны олон нийтийн спортын хөгжлийг хүлээн зөвшөөрсний илрэл гэж тэр хэлсэн юм. Ерөнхийлөгч Казань хотын бэлтгэл ажлыг алхам тутамдаа шалгаж байлаа. Тэрээр 5-р сарын дундуур үнэлгээний комиссийн гишүүдийг Кремльд хүлээн авч уулзсан билээ. Тэрээр хэлэхдээ: «Казань хот бол сүүлийн жилүүдэд дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн, бусад томоохон тэмцээн уралдаан зохиосон оросын маш сайн хөгжсөн, хүчирхэг төв билээ. Миний бодлоор Казань хот өнөө үед спортын аль ч түвшний тэмцээн уралдаан зохион явуулахад бэлэн гэж ерөнхийлөгч хэлэв. Казань хот 2013 оны Универсиадыг зохион явуулах эрх олж авсантай холбогдуулан Казань, Москва, Санкт-Петербург, Владивосток болон оюутны бусад том төвүүдэд залуучуудын соёл-спортын олныг хамарсан баярын арга хэмжээ боллоо.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>