Энэ чухал баримт бичигт тухайн үеийн ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан юм. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс ШХАБ-ын гишүүн орон болохыг манай байнгын сонсогч мэдэх биз ээ. Холбооны Зөвлөлийн баталсан гэрээгээр талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодолтой байгаа өргөн хүрээтэй салбарыг тодорхойлжээ. Тухайлбал олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих, хүний эрхийг дээдлэх, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг билээ. Үүнээс үүдээд эрчим хүчний салбарт хамтран ажиллах, нийгмийн шинжтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх, терроризм, шашны хэт даврах, салан тусгаарлах үзэл, мансууруулах бодис, зэвсгийг хууль бусаар худалдахын эсрэг хамтран тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах зэрэг зорилт урган гарч байна. Олон улсын терроризмтай тэмцэх нь ШХАБ-ын бүх гишүүн орны өмнө тулгарч байгаа чухал зорилтын нэг билээ. Гадаад дотоод бодлогын хувьд ШХАБ-ын орнуудын гаргасан амжилтанд дургүй байгаа олон улсын янз бүрийн зэвсэгт бүлэлийн халдлагад эдгээр орнууд дэлхийд анх удаа өртсөнийг сануулъяа. Худалдаа эдийн засгийн салбарт харилцан ашигтай харилцаа холбоог өргөжүүлэх асуудалд ШХАБ-ын гишүүн орнууд онцгой анхаарал хандуулж байна. Олон үүрэгтэй эвслийн бус бүс нутгийн энэ нэгдлийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын мэдээлснээр ШХАБ-ын гишүүн орнуудын бараа эргэлт өнөөгийн байдлаар 70 тэрбум долларт хүрчээ. Энэ тийм ч их тоо биш гэдэгт санал нийлж байна. Хэдийгээр ШХАБ байгуулагдаад удаагүй ч, улам хүчирхэгжиж буй олон улсын залуу байгууллага гэдэг нь олон баримт сэлтээс тодорхой байна. Тус байгууллага НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, ТУХН-ийн орнууд, АСЕАН, Лалын бага хурлын байгууллага зэрэг нэр хүндтэй олон улсын бүх байгууллагатай ажил хэргийн харилцаа тогтоосон билээ. Үүнээс гадна Монгол улс, Энэтхэг, Иран, Пакистан зэрэг улс ШХАБ-ын ажиглагчийн статустай орон юм. Олон улсын олон байгууллага, улс ШХАБ-тай янз бүрийн хэлбэрээр хамтран ажиллах сонирхолтой байна. Эдгээр орны зарим нь Нарийн бичгийн дарга нарын газарт тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болох хүсэлт гаргаад байгаа юм. Дээр хэлсэнчлэн олон улсын хамгийн залуу байгууллага асар нэр хүндтэй, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. ШХАБ-ын орнуулын хамгийн чухал асуудлыг төрийн тэргүүн нарын жил тутмын дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцэнэ. Дээд хэмжээний уулзалт энэ жил Киркизийн нийслэл Душанбед болно. Уламжлал ёсоор ажиглагч орнуудын төрийн тэргүүн нар, Афганистаны ерөнхийлөгчийг урина.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>