Гоминьдан намын дарга У Босюн Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаотай Бээжинд уулзасны дараа энэ тухай мэдэгдэв. Тухайн үеийн Гоминьданы дарга Лянь Жань 2005 оны хавар Ху Зиньтаотай чухал яриа хэлэлцээ хийсэн ч, энэ удаагийн дээд хэмжээний уулзалт гарцаагүй онцгой ач холбогдолтой билээ. Гоминьдан нам 2005 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, сөрөг хүчин байх үед эрх баригч хоёр намын удирдагчид 1949 оноос хойш анх удаа уулзсан юм. Гоминьдан намаас нэр дэвшсэн Ма Инзю 3-р сард Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа Тайванийн хоолойн хоёр эргийн харилцаанд шинэ онцгой нөхцөл байдал үүссэн юм. Эх газрын Хятадтай ойртох уриан дор ялалт байгуулсан Ма Инзюгийн засаг захиргаа Бээжинтэй харилцаа холбоогоо сайжруулахад чухал алхам хийнэ гэж олон шинжээч үзэж байна. БНХАУ-ын төв засаг захиргаа нээлттэй, бүтээлч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Энэ мөчийг анхаарууштай. Эх газрын Хятад, Тайванийн хооронд зөвлөлгөөн хийх явцад олон улсын үйл хэрэгт тус арлыг өргөн хүрээтэй оролцуулах асуудлыг хэлэлцэх боломжтой гэж БНХАУ-ын дарга Ху Зиньтао мэдэгдсэн юм. Тайванийн хоолойн хоёр эргийн хоорнд зөвлөлгөөнийг сэргээх асуудлыг шийдэсний дараа дээрх асуудлыг авч хэлэлцэж болно гэж Ху Зиньтао хэлсэн юм. Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд тус арлыг өргөн хүрээтэй оролцуулахыг үгүйсгэхгүй байна. Ойрын үед зөвшилцөлд хүрэхэд төвөгтэй асуудлыг хойш тавьж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж талууд үзэж байна. Хятадын коммунист нам, Гоминьданы намын удирдагчдын яриа хэлэлцээний үеэр юуны түрүүнд БНХАУ-ын бүс нутаг, Тайванийн хооронд амралтын өдрүүдэд нислэг үйлдэх асуудлыг нэн тэргүүнд авч хэлэлцэхээр шийджээ. Ойрын үед болох яриа хэлэлцээний гол сэдэв БНХАУ-ын иргэд Тайваньд жуулчлах тухай асуудал байна. Тайванийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид эх газрын Хятадтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байгааг саяхан Тайваньд томилолтоор ажиллахдаа би мэдэрсэн юм. Тайванийн өмнөх засаг захиргаанаас тавьсан хэрэггүй саад тогтгорыг арилгаснаар тус арлын эдийн засгийг дээшлүүлэхэд чухал нэмэртэй хэмээн Тайванийн олон шинжээч үзэж байна. Шууд нислэгийг сэргээснээр тайванийн хоолойн нутаг дэвсгэрийн байдлыг тогтворжуулах, талуудыг ойртуулахад нэмэр болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>