Орос улсын засгийн газар 2015 он хүртэл аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ стратегийг баталлаа. Дотоодын аж үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, аялал жуулчлалын бараа, үйлчилгээг дэлхийн зах зээлд бэхжүүлэх зэрэг чухал зорилт дэвшүүлсэн. Орос улсад өнөөгийн байдлаар жилд 23 сая гадаадын жуулчин ирж байна. 2015 онд энэ тоо 35 сая хүртэл нэмэгдэнэ. Гадаадад аялахад мэдээж хэрэг виза авахаас эхэлнэ. Визийн журмыг хөнгөвчилснөөр аялал жуулчлалын салбарын өсөлтөд нэлээд нөлөөлөхөөс гадна улс орны нэр хүнд дээшилдэг. Орос улс энэ чиглэлд тодорхой алхам хийсэн гэж Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн дарга Владимир Стржалковский тэмдэглэж байна. Тэр хэлэхдээ: «Улс оронд томоохон арга хэмжээ зохиох үеэр визийн журмыг өөрчлөх зарлиг гаргах эрхийг ерөнхийлөгчид олгох хуулийг саяхан Төрийн Дум баталлаа. Английн хөл бөмбөгийн хоёр багийн тэмцээн саяхан Москва хотод болох үеэр визийн журмыг өөрчилсөн юм. Визгүй зорчиход эдийн засгийн төдийгүй английн энгийн иргэдийг харгалзсан бодлого их үр нөлөөтэй байсан. Хөл бөмбөгийн тэмцээний тасалбараар улс оронд зорчих боломжийг хүмүүс эсрэгээр хүлээн авч байв. Орос, Европын орнуудтай визгүй зорчих журмыг тунхагласан ч, энэ хол замыг туулах анхны алхамыг хийлээ» гэлээ. Аялал жуулчлалын өсөлт оршин суух таатай нөхцөл, тав тух, үйлчилгээ, тав тухай тээврийн хэрэгслээр аялах, харилцаа холбооны орчин үеийн хэрэгсэл зэрэг дэд бүтцийн хөгжлөөс шууд хамаарна. Өнөөгийн байдлаар Орос улсад 6000 орчим зочид буудал ажиллаж байна. 2015 онд энэ тоо 2-оос илүү дахин нэмэгдэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид зочид буудлын барилгад асар их хөрөнгө оруулж байгаа нь ажиглагдаж байна. Тэд Москва, Санкт-Петербург төдийгүй бусад хотод зочид буудал барихад хөрөнгө оруулахыг их сонирхож байгаа хэмээн Владимир Стржалковский ярив. «Тухайлбал Краснодарын хязгаар, Ставрополийн хязгаар, Кавказын нутгийн эрдэс ус, Калининград, Ленинград, Москва муж, Эрхүү мужид зочид буудал барихад хөрөнгө оруулж байна. Франц, испани, англичууд зочид буудал барих санал тавьж байна. Мөн япончууд, хятадууд ялгаагүй зочид буудал барих сонирхолтой байна» гэж В.Стржалковский тэмдэглэв. Аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалтын гуравны нэг нь төсвийн хөрөнгө, гуравны хоёр нь оросын болон гадаадын, хувийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө байна. Тэд энэ салбарын зах зээлийн хэтийн төлөвийг өндөр үнэлж, Орос улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахыг их сонирхож байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>