Foto www.energyland.infoМонгол Улсын ерөнхий сайд С.Баяр атомын салбарт тухайлбал уран олборлож, боловсруулахтай холбоотой атомын салбарын үндэсний хууль тогтоомжийг нэн яаралтай боловсруулахын төлөө байна. “Уран олборлож, боловсруулах, эрчим хүчний салбарт бүхэлдээ төрийн тодорхой бодлого шаардлагатай байна” гэж Орос улсын ураны томоохон үйлдвэр болох “Аргунск орчмын үйлдвэрийн уулын химийн нэгдэлд” очихдоо тэр ингэж хэлсэн юм. Хууль эрх зүйн үндсийг боловсруулснаар Монгол Улс Орос улстай атомын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой гэж ерөнхий сайд тэмдэглэв. “Орос, Монгол улс зүй ёсны түншүүд. Биднийг нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, уламжлал холбож байна. Тиймээс хамтран ажиллах нь гарцаагүй гэж С.Баяр тэмдэглэв. Монгол Улс атомын анхны цахилгаан станц барихад Орос улсын тусламжид найдаж байгаа гэж тэр нэмж хэлсэн юм. Атомын цахилгаан станцыг хэзээ, хэрхэн барих вэ? Аль болох хурдан бол сайн хэрэг хэмээн ерөнхий сайд тэмдэглэв. Гэхдээ парламентаас их зүйл хамаарна гэж тэр мэдэгдэв. Монгол Улс атомын салбарыг хөгжүүлэх улс төрийн болоод хууль эрх зүйн чухал шийдвэр гаргах босгон дээр байна гэж С.Баяр хэллээ. Бидэнд ураны талаар хууль байхгүй. Бид парламентад өргөн барих хуулийн төслийг боловсруулж байгаа ч, одоогоор парламент завсарлаж, намрын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэнэ. Бидэнд уран олборлож, боловсруулах, цөмийн эрчим хүчний салбарт бүхэлдээ төрийн тодорхой бодлого хэрэгтэй байна гэж ерөнхий сайд хэлэв. Монгол Улсын ерөнхий сайдын хамт “Аргунск орчмын үйлдвэрийн уулын химийн нэгдэлд” Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн сайд Х.Наранхүү хүрэлцэн ирсэн юм. “Росатом” ерөнхий захирал Сергей Кириенкогийн урилагаар Монголын төлөөлөгчид Краснокаменскт хүрэлцэн ирсэн юм. Сергей Кириенко Монголд 60 мянган тонн нөөцтэй гэгддэг “Дорнод”-ын ураны орд газартай танилцсан юм. С.Кириенко сэтгүүлчдэд “Аргунск орчмын үйлдвэрийн уулын химийн нэгдэл”-ийн тухай ярихдаа, энэ байгууллагад өнгөрсөн жил анх ирснээс хойш нааштай өөрчлөлт гарсан байна. “Аргунск орчмын үйлдвэрийн уулын химийн нэгдэл” ойлгомжтой, тодорхой хөтөлбөр баталжээ. Тухайлбал 2020 онд тус компани ураны олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлж, 3-5 мянган тонн хүргэнэ. “Тус үйлдвэрт хамгийн багадаа хагас зуун жилийн ажил байна” гэж “Росатом” компанийн тэргүүн тэмдэглэв.“Аргунск орчмын үйлдвэрийн уулын химийн нэгдэл” нэмэлт үйл ажиллагааны төрлийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал “Аргунск орчмын үйлдвэрийн уулын химийн нэгдэл” энэ жил хүхрийн хүчил үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ гадны хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын ерөнхий сайд “Аргунск орчмын үйлдвэрийн уулын химийн нэгдэлд” уран олборлох мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа их сургуульд очсон юм. Тус нэгдлийн залуу мэргэжилтнүүд ажиллах уран олборлож буй техникийг түүнд үзүүлсэн байна. Монгол улсын төлөөлөгчид ойрын үед энд сурахаар ирнэ. С.Баяр “Росатом”-ын ерөнхий захирал Сергей Кириенкотой хамт өнөөдөр “Аргунск орчмын үйлдвэрийн уулын химийн нэгдэлд 700 метрийн гүнийн уурхайд орж, ураны хүдэр олборлох үйл явцтай танилцсан байна. Аргунск орчмын ураны уурхай онцгой сэтгэгдэл төрүүллээ хэмээн Монгол Улсын ерөнхий сайд хэллээ. “Бид энэ ажлын арга барилыг эзэмшиж, өөрсдөө нэвтрүүлнэ” хэмээн тэр нэмж хэлсэн байна. “Росатом”-ын ерөнхий захирал Кириенко Монгол Улсын хойд хэсгийн хэд хэдэн орд газартай танилцуулсанд талархаж, мөн энхийн атомын эрчим хүчний салбарт Орос, Монголын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх найдвар тавьж байгаагаа илэрхийлсэн юм. Монгол улсын нутаг дэвсгэрт ураны орд газар дахин тандан судалгаа хийхэд Орос, Монгол улс хамтран ажиллаж, тэнд энэ түүхий эдийг олборлох юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>