Орос улсын нэрд гарсан дуучин Дима Билан энэ жил Белградад болсон Евровидения уралдаанд түрүүллээ. Уралдааныг зохион байгуулснаас хойш 53 жилийн түүхэнд анх удаа энэ үйл явдал тохиолоо. Дима Биланыг дуулахад унгарын хийлч Эдвин Мартон тоглож, уран гулгалтын олимпийн аварга Евгений Плющенко бяцхан мөсөн гулгуур дээр үзүүлбэр үзүүлжээ. Тэд 272 оноо авсан байна. Тус уралдааны хоёрдугаар байрт шалгарсан Украины дуучин Ани Лорак түүнээс 42 оноо дутуу авсан юм. Гуравдугаар байрт Грекийн дуучин Каломира оржээ. Евровидения уралдааны шувтаргыг 100 сая орчим хүн сонирхосон юм. Үзэгчид мессежээр саналаа өгч, ялагчийг тодруулсан байна. Дима Билан “Надад итгэ” дуу дуулсан юм. Үзэгчид түүнийг халуун дотно хүлээж авсан байна. Олон үзэгч Дима Биланы түрэн дуулж, Плющенког эргэх тоолонд алга ташиж байв. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, ерөнхий сайд В.Путин нар уралдаанд түрүүлсэн Д.Биланд баяр хүргэв. В.Путины хэлснээр энэ бол дуучны хувийн амжилт төдийгүй бүх Орос улсын бас нэг ялалт юм. Евровидения уралдаанд түрүүлсэн дуучин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Орос улс 5-р сард ар араасаа цувран ялсаар байна гэв. Эхлээд Санкт-Петербургийн хөл бөмбөгийн “Зенит” баг Европын хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээнд, дараа нь оросын хоккейн шигшээ баг Канадын багтай шувтаргад тоглож, дэлхийн аварга боллоо. Харин одоо Евровидение уралдаанд оросын дуучин түрүүллээ. Одоо дуучин уран бүтээлийн энэ оргилд хүрсэн талаар хэдэн үг хэлье. Тэрээр балчир байхдаа хойд Кавказаас Москвад ирсэн байна. Хөгжмийн сургуулийн авъяастай залууг нэрд гарсан продюссер ажиглажээ. Одоо Дима Билан оросын эстрадын гялалзаж буй од. Тэрээр 2003 онд уралдаанд анх түрүүлж, анхны цомог, анхны аялан тоглолтоо хийж байлаа. Оросын үзэгч олон дуучныг урам зоригтой хүлээн авсан. Олон хүний сэтгэлийг татсан, сайхан хоолойтой, дуучин дуу, хөдөлгөөнийг цээжилсэн хүүхэлдэй биш болохыг үзэгчид ойлгосон юм. Хоёр жилийн өмнө дуучин Евровидение уралдаанд анх удаа оролцож, 2-р байрт шалгарсан. Дима Билан өөрийнхөө тухай ийн ярьж байна. «Уран бүтээлийн замын эхэнд би өөрийгөө сонгосон нь азтай хэрэг. Тиймээс би өөрийнхөө төрлөх байдлыг эвдэх гэж зовоогүй. Хүмүүс намайг хэрхэн хүлээн авч байна би тийм л байгаа. Болж буй дурын үйл явдлын талаар би сонсогчидтойгоо чин сэтгэлээсээ хуваалцдаг. Сэтгэгдлээ хэнтэй ч хуваалцахгүй хадгалана гэдэг төвөгтэй» гэж Д.Билан хэллээ. Дима Билан энэ жил тус уралдаанд түрүүлсэн болохоор европын орнуудын дуучид ирэх жил Москвад ур чадваграа сорино. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев “Евровидение-2009” уралдааныг хамгийн дээд түвшинд зохион байгуулна хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Ерөнхий сайд В.Путин энэ уралдаанд бэлтгэх зохион байгуулах хороо байгуулах тухай захирамж гаргалаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>