Орос-Хятадын дээд хэмжээнд болсон яриа хэлэлцээг нэлээд үр дүнтэй боллоо хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар хэллээ. Олон улсын хэмжээнд, мөн хоёр талын харилцаанд стратегийн түншлэлийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтыг хоёр орны удирдагч ийнхүү үнэллээ. Яриа хэлэлцээний үр дүнд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид багц хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Орос улсын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Александр Жуков “Оросын дуу хоолой” радиод өгсөн жич ярилцлагадаа айлчлалыг бүхэлд нь, мөн яриа хэлэлцээг өндөр үнэлсэн юм. «Айлчлал амжилттай болсон гэж бодож байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Медведев ТУХН-ийн орнуудын хилээс гадна Хятад улсад айлчилсан нь Орос, Хятадын нөхөрсөг харилцаа өнөө үед дээд түвшинд байгааг харуулж байна» гэж А.Жуков хэллээ. Оросын бизнес эрхлэгчид хятад улсад, мөн хятадын бизнес эрхлэгчид орос улсад тус тус бизнес эрхлэх их сонирхолтой байгааг Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч тэмдэглэв. Бараа эргэлтийн хэмжээ 2007 онд 40 хувиар өсч, 40 тэрбумд доллароос давжээ. Гэсэн ч Орос, Хятад улс худалдааны бүтцэд сэтгэл хангалуун бус байгааг Александр Жуков тэмдэглэв. Орос улс нефть, мод болон бусад байгалийн нөөцийг Хятад улсад нийлүүлдэг. Харин Хятад улс машин-техникийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, электрон бүтээгдэхүүн голдуу экспортолж байна. Бараа эргэлтийн чанарыг сайжруулах, худалдааг тэнцвэржүүлэх, “саарал импортыг” бууруулах зэрэг хоёр түнш оронд чухал зорилтын тухай ярьж байна. Бараа эргэлтийг 2010 онд 60 тэрбум доллар хүртэл өсгөх төлөвлөгөөг энэ жил амьдралд хэрэгжүүлэх боломжтой. Хоёр орны төрийн тэргүүн нарын боловсруулсан энэ зорилтод хүрэхэд хамтарсан хөтөлбөр чухал ач холбогдолтой хэмээн Жуков хэллээ. Тухайлбал атомын болон усан цахилгаан станцын барилга барих, нисэх онгоцны салбар, сансар судлалын салбар, нанотехнологи зэрэг шинэ салбарт хамтран ажиллана. «Бид энэ бүх асуудлаар тохиролцсон. Хятадууд бидний сэтгэл түгшиж байгааг ойлгоод зогсохгүй, оросын машин-техникийн импортыг улсын хэмжээнд дэмжиж, оросын бүтээгдэхүүнийг импортлоход зээл олгож байгааг дэмжинэ хэмээн БНХАУ-ын дарга Ху Циньтао мэдэгдсэн юм»гэлээ. Айлчлалын үеэр орос-хятадын 7 баримт бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал уран баяжуулах үйлдвэрийн дөрөв дэх ээлжийн байгууламжид техникийн дэмжлэг үзүүлэх, нисэх онгоцны технологийг импортолж, экспортлоход хамтран ажиллах тухай, 2008-2010 онд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө зэрэг юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>