Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Бээжинд айлчлахын өмнө хятадын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа ийнхүү хэллээ. Олон улсын асуудлаар Хятад улстай хамтран ажиллах нь гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилтын нэг хэмээн Д.Медведев мэдэгдэв. Энэ нь олон улсын хууль эрхийн зарчим, бүгд хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд тулгуурласан дэлхийн журмыг бий болгох олон туйлт хандлагыг бэхжүүлэхэд чиглэж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний хувьд онцгой хариуцлага хүлээдэг Орос, Хятад улс “халуун цэг”-ийн асуудлыг зохицуулахад дипломат арга хэрэгслийг хэлбэрэлтгүй даган мөрдөж байна. Бид бүх орон, ард түмний чөлөөт, ардчилсан хөгжил, мөн маргаантай бүх асуудлыг олон улсын хууль эрхийн системийн хүрээнд шийдвэрлэхийн төлөө байна гэж Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэв. Манай гадаад бодлого зөв, прагматик нэгэн зэрэг нөхөрсөг, нээлттэй байх ёстой. Орос-Хятадын харилцааны тухай Д.Медведев цааш үргэлжлүүлэн ярихдаа, “Миний бодлоор хоёр орны харилцаа өнөө үед маш сайн түвшинд байгаа бөгөөд хамтран ажиллаж тулгамдсан асуудлаа шийдэж байгаа нь хоёр томоохон орны стратегийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна.” Орос, Хятад улс 2001 онд найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа бүх чиглэлээр хөгжиж байна. Хоёр орны удирдагчид гарын үсэг зурсан 3 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байгаа. Одоогоор бид манай харилцаанд өөр өнгө аяс оруулах шинэ төлөвлөгөө боловсруулах шатандаа байна». Хоёр орны бараа эргэлт нэмэгдэж, эрчим хүчний салбарт урьд байгаагүй хэмжээнд хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Дорно Сибирь-Номхон далайн нефть хоолойг Хятад улсын нутагт салаалуулан барих төслийг дурдав. Хятад улсын Сычуань мужид газар хөдөлсний уршгаар олон арван мянган хүн үрэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч гүн эмгэнэл илэрхийлээд, байгалийн гамшгийг арилгах, хятадын ард түмэнд туслахад чадах бүхнээ хийнэ хэмээн амлав.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>