Орос улс дэлхийн хүнсний зах зээлд томоохон тоглогч болох ёстой бөгөөд хүнсний үнийн огцом хэлбэлзлээс өөрийгөө хамгаалах ёстой гэж В.Путин үзэж байна. Тэрээр хойд Кавказын Ессентуки хотод даваа гаригт болсон хөдөө аж ахуйн бодлогын асуудлаарх зөвлөлгөөнд энэ тухай мэдэгдэв. Дэлхийд хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өсч байгнаа энэ үед хариу арга хэмжээ авах талаар зөвлөлгөөнөөр хэлэлцсэн байна. Дэлхийн эдийн засгийн үг хэллэгт “агфляция” шинэ нэр томъёо бий болсон. Хөдөө аж ахуйн инфляци буюу дэлхийн үнийн хувь хэмжээг бүрдүүлэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх явдал юм. Засгийн газрын тэргүүн В.Путин энэ талаар ийн мэдэгдэв: «Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлд үнийн огцом өсөлт манай оронд ноцтой нөлөөлж байна. Үүнийг тэтгэврийн насны хүмүүс, олон хүүхэдтэй өрх, хүн амын нийгмийн эмзэг бүлгийнхэн хамгийн их мэдэрч байна. Эдгээр өрхийн төсвийн зарлагын гол хэсэг хүнсний бүтээгдэхүүн байдаг. Ийм нөхцөлд дотоодын хүнсний зах зээлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, манай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд бид онцгой анхаарал хандуулах ёстой. Дотоодын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, хөдөө аж ахуйн салбарын үр ашгийг нэлээд нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг тогтвортой хөгжүүлэх гол зорилт тавиад байна» гэж В.Путин нэмж хэлэв. Үүний зэрэгцээ зөвлөлгөөнд оролцсон Хүнс хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеев ойрын жилүүдэд Орос улсад үр тариа, махны үйлдвэрлэлийн өсөлтийн хурд дэлхий нийтийнхээс нэлээд нэмэгдэж магадгүй тухай хэллээ. Түүний үзэж байгаагаар Орос улс дэлхийн үр тарианы зах зээлд байр сууриа нэлээд бэхжүүлж, хэтдээ амьтны гаралтай бараа бүтээгдэхүүний томоохон экспортлогч болж болох юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>