Оросын ажил олгогчид 2009 онд гадаадын орнуудаас энэ жилийнхээс илүү их ажиллах хүчин, мэргэжилтнүүдийг татах бодолтой байна. Холбооны төвийн гадаадын ажиллах хүчинд тавьсан хязгаар нь аж ахуйн нэгж компанийн хүлээж авахад бэлэн байгаа хэмжээнээс бага байна. Ажил олгогчид 5-р сарын 1 хүртэл бүс нутгийн цагаачлалын албанд 2009 онд гадаадын ажиллах хүчнийг ажиллуулах хүсэлт гаргах ёстой. Тэдний хүссэн хэмжээний гадаадын ажилчид улс оронд ажиллана гэсэн үг биш юм. ОХУ-ын засгийн газар бүс нутгийн гадаадын ажиллах хүчний эцсийн хязгаарыг тогтоодог. ТУХН-ийн орнуудын мэргэжлийн эсвэл янз бүрийн ажилтнууд Орос улсад ажиллах хүсэлтэй байдаг. Тэдний олонх нь барилга, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбар, харин худалдаа, нийтийн хоолны салбарт цөөн хүн ажиллдаг байна. Сибирьт мөнгө олохоор ирж байгаа ажиллах хүчний үндсэн хэсэг нь Узбекистан, Тажикистан, Киргиз, Казахстан зэрэг Дундад Азийн орнуудаас ирсэн хүмүүс байна. Алс Дорнодод ТУХН-ийн орнуудын иргэдээс гадна хөрш Хятад улсаас жил тутам ажиллах хүчин ирж байна. Ростов мужид ажил олгогчид алс гадаадын орнууд тухайлбал Туркээс ажиллах хүчин авах сонирхолтой байдаг. Приморийн хязгаарт хөдөлмөрлөж байгаа гадаадын ажилчдын тоогоор ТУХН-ийн орнууд, БНХАУ, мөн гуравдугаар байрт Хойд Солонгос байна. Холбооны төвөөс гадаадын ажиллах хүчинд тогтоосон хязгаар нь ажил олгогчдын хүссэнээс бага байгаа гэж албаны хүмүүс ярьж байна. Үүний улмаас хууль бус цагаачлал ихсэж байна. Гадаадын иргэдийг ажиллуулах зөвшөөрөл авахад бэрхшээлтэй байдаг учраас Приморийн хязгаарт жуулчны визээр ирсэн хүмүүсийг хууль бусаар ажиллуулахад хүрдэг гэж ажил олгогчид ярьж байна. Гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулсан тохиолдолд 500 мянга хүртэл рублээр торгодог тул их эрсдэлтэй гэж Приморийн нэгэн бизнес эрхлэгч ярьсан юм. Приморийн хязгаарт гадаадын ажиллах хүчин голдуу барилга, хөдөө аж ахуй, боловсруулах салбар, мөн цөөн хүн бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт ажилладаг. Новосибирск мужид голдуу мэргэжилгүй хүмүүс ажилладаг байна. Тус бүс нутагт 2008 онд 37 мянган ажлын байранд гадаадын ажиллах хүчнийг ажиллуулжээ. Новосибирскийн ажил олгогчид 2009 онд 51 мянган цагаач иргэдийг ажиллуулах хүсэлт гаргасан байна. Яамд хоорондын комисс ажил олгогчдын гаргасан хүсэлт бүр зохистой эсэхийг тодорхойлно. Өнгөрсөн жил бараг гадаадын 46 мянган ажилчин ажиллуулах хүсэлт гаргасан ч, 10 мянга хүртэл бууруулсан. Киргиз, Узбекистаны иргэд голдуу Новосибирск мужид мөнгө олохоор ажилладаг байна. Хөрш хоёр бүс Алтайн хязгаар, Омск муж 2009 онд дээрхээс нилээд бага тухайлбал тус бүр 11 мянга, 13,7 мянган гадаадын ажиллах хүчин ажиллуулах хүсэлт гаргасан байна. Энэ хоёр бүст ажил олгогчид ажлын байраар идэвхтэй хангадаг. Бүс нутгийн нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яамны мэдээлснээр Омск мужийн барилга, худалдаа, нийтийн хоол, хөдөө аж ахуйн салбарт гадаадын ажилчдыг авч ажиллуулж байна. Гадаадын ажилчдын олонх нь Омскт, мөн мужийн засаг захиргааны 11нэгжид ажиллаж байна. Узбекистан, Киргиз, Тажикистан, Хятад, Туркийн иргэд голдуу гадаадын ажиллах хүчний үндсэн хэсгийг бүрдүүлж байна. Алтайн хязгаарт 2009 онд өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байгууллага, аж ахуйн нэгж гадаадын ажилчин авч ажиллуулах хүсэлт гаргажээ. Холбооны цагаачлалын албаны удирдах газрын Хэвлэлийн албаны ажилтны мэдэгдсэнээр гадаадын иргэдийг зөвшөөрөлгүй авч ажиллуулсан хуулийн этгээдийг 800 мянга хүртэл рублээр торгодог байна. 2008 онд өргөдөл гаргаагүй байгууллага, хувь хүмүүс гадаадын ажилчдыг авч ажиллуулж чадахгүй. Хотын захирагч хязгаарын хүн амыг ажлын байраар хангах, ажилгүйдлийн түвшинг бууруулах байр суурьтай байна. Бүс нутгийн цагаачлалын алба ажил олгогчийн өргөдлийг тоолж байгаа учраас 2009 онд Красноярскийн хязгаарт гадаадын хэдэн ажилчин ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Гадаадын ажиллах хүчний хязгаарыг өмнөх жилийнхээс бага буву 23 мянга гаруй хүнээр тогтоосон гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ. 2007 онд гадаадаас 43 мянга гаруй хүн авч ажиллуулж байжээ. “ Өнгөрсөн жил ирсэн ТУХН-ийн орнуудын олон хүнийг ажлын байраар хангаж чадаагүй учраас энэ жил ойрын гадаадаас ирэх ажиллах хүчний хязгаарыг бага тогтоосон” гэж Цагаачлалын албаны удирдах газар тайлбарлав. Уралын бүс нутаг гадаадын ажиллах хүчнээр их дутагдаж байна. Свердловск мужийн 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага хүн амын хөдөлмөр эрхлэлтийн төрийн албаны газарт 2009 онд гадаадын 162 мянган иргэнийг ажиллуулах хүсэлт гаргажээ. Энэ жил тус мужид 64 мянга гаруй хүнийг ажиллуулахаар болсон ч, тус газрын мэдээлснээр энэ үзүүлэлтийг өөрчлөх юм байна. Гадаадын ажиллах хүчний хэрэгцээ их байгааг харгалзан Холбооны төв 2009 онд ажиллах хүчний хязгаарыг нэмнэ гэж эрх баригчид найдаж байна. Эрхүү мужид ажиллахаар ирж байгаа гадаадын бүх хүн эмнэлгийн үзлэгт орох ёстой. Бүс нутгийн эрүүл ахуйн ерөнхий эмч Петр Кауров холбогдох захирамжид гарын үсэг зурсан байна. “Тус бүс нутагт ажиллах, эсвэл оршин амьдрах, түр оршин суух зөвшөөрөл авахын тулд ДОХ/ХДХВ, сурье, тэмбүүь мансуурах өвчтэй эсэхийг тодорхойлох шинжилгээ өгөх ёстой” хэмээн уг баримт бичигт дурджээ. Хүн амын эрүүл ахуйг хангаж, тахлаас урьдчилан сэргийлэх, мөн цагаачлалын үйл явцыг зохицуулахын тулд ийм арга хэмжээ авсныг хэвлэлийн албанаас тайлбарлав. Эрхүү мужид гадаадын 32 мянган хүн бүртгэлтэй байдаг. Үндсэндээ Узбекистан, Тажикистан, Киргиз, Украин, Азербайжан, Армени зэрэг ТУХН-ийн орнуудаас ирсэн байгаа. Алс гадаадаас үндсэндээ Хятад, Хойд Солонгос, Монгол, Туркийн иргэд тус бүс нутагт ажиллахаар ирдэг.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>