Эрхэм сонсогчид оо, анхаарлаа хандуулна уу! “Оросын дуу хоолой” радио, Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг өнгөрсөн оны 12-р сард монгол сонсогчдынхоо дунд олон нийтийн энэ байгууллагын 50 жилийн ойд зориулсан асуулт, хариултын уралдаан зарласан билээ. Тус нийгэмлэг хагас зуун жилийнхээ ойг 5-р сарын 14-нд тэмдэглэллээ. Энэ өдөр зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан юм. Монголын анд нөхдийн нийгэмлэг 1992 оноос Зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэгийг хууль есоор залгамжлан, үйл хэргийг нь үргэлжлүүлж байна.
    Өнөөдөр бид энэ хамтарсан асуулт хариултын уралдааны дүнг танилцуулна. Асуулт хариултын уралдааныг явуулахад Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй Найрамдлын монголын нийгэмлэгүүдийн холбоо дэмжлэг үзүүлж, “Новости Монголии” сонин мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцлоо.
Эрхэм анд нөхдөө, хэрэв та бүхэн санаж байгаа бол асуулт хариултын уралдаанд оролцогчийг 4 асуултанд хариулахыг бид хүссэн.   Асуултыг танилцуулъяа:
  -Эхний асуулт: Зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэгийг анх хэн тэргүүлж байсан бэ? Энэ домогт хүний тухай өгүүлнэ үү?
  -Хоёр дахь асуулт: ЗХУ-ын 2 удаагийн баатар Виктор Васильевич Горбатко 1973 oноос Зөвлөлт-Монголын нийгэмлэгийг дараа нь Монголын анд нөхдийн нийгэмлэгийг тэргүүлж байна. Виктор Васильевич Горбатко сансарт хэзээ, хэдэн удаа ниссэн бэ?
  -Гурав дахь асуулт: Монголын анд нөхдийн Оросын нийгэмлэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг монголын нийгэмлэгтэй дотно харилцаатай ажилласаар ирсэн, одоо ч ажиллаж байна. Монголын энэ нийгэмлэг ямар нэртэй вэ? Тус нийгэмлэг 2007 онд хэдэн жилийнхээ ойг тэмдэглэсэн бэ? 
  -Сүүлчийн асуулт. Бараг хүсэлт гэж хэлж болно. Манай нэвтрүүлгийн талаар ямар бодолтой байдаг, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах талаар санал хүсэлтээ илгээхийг хүссэн.
     Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааныг манай сонсогчид их сонирхосныг хэлэхэд таатай байна. Энэ удаагийн асуулт хариултын уралдаанд өмнөхөөс олон хүн оролцлоо. Асуултанд зохих есоор, мөн сонирхолтой хариулсан олон захидал хүлээж авсан болохоор ялагчийг тодруулахад амаргүй байв. Виктор Горбатко тэргүүтэй шүүгчид ирсэн асуулт бүрийг сайтар судалж, дараах шийдвэр гаргалаа.
   Анхаараарай! Монгол Улсын нийслэлийн оршин суугч Монголбуугийн Төмөрбаатар асуулт хариултын уралдаанд түрүүллээ.М.Төмөрбаатар уралдааны асуулт бүрт архивын баримт, олон тооны зураг хавсарган их дэлгэрэнгүй хариулжээ. Тэрээр Зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэгийн анхны дарга, домогт маршал Семен Михайлович Буденныйн тухай дөрвөн хуудас хариулт илгээжээ. Виктор Васильевич Горбаткогийн гурван удаа сансарт ниссэн хугацааг зөв нэрлэж, дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Эрхэм М.Төмөрбаатар монгол-зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн залгамж байгууллага “Монгол-Оросын” найрамдлын нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой гурав дахь асуултанд сонирхолтой, бас бүрэн хариулсан. Энэ нийгэмлэг 2007 онд үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ нийгэмлэгийн бүх тэргүүний гэрэл зургийг мөн хавсаргажээ. Түүний 4 дэх асуултанд хариулсан байдал нь “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцийн хамт олон, шүүгчдийн анхаарлыг гойд татав. Тэрээр тус редакцид ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа олон ажилтнуудын нэрийг дурдсан байна. Тэрээр манай нэвтрүүлгийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж, чанарыг нь сайжруулах талаар бүтээлч санал ирүүлжээ.Асуулт хариултын уралдаанд хамгийн сайн хариулсан М. Төмөрбаатар “Оросын дуу хоолой” радиогийн урьд зарласан уралдаанд оролцож байжээ. Тэрээр Юрий Гагарин сансарт ниссэний 40 жилийн ой, “Зарубежцветмент” компани байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан уралдаанд оролцож байсан юм. “Зарбужцветмент” компанийн 30 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд тэрбээр 2-р байрт оржээ.
М. Төмөрбаатар гуай одоо биднийг сонсож байгаа гэж найдаж байна. Танд уралдаанд түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе.
      Манай радиогийн байнгын сонсогч, Улаанбаатар хотын Баян-зүрх дүүргийн оршин суугч, өндөр настан С.Улаан хоердугаар байрт орлоо. Тэрээр асуултанд маш зөв, сайн хариулжээ.
     Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороололд оршин суугч Ш.Гантөмөр гуравдугаар байрт орсон байна. Ш.Гантөмөр 1981 онд “ЗХУ-ыг хэн сайн мэдэх вэ?” Москвагийн радиогийн асуулт хариултын уралдаанд түрүүлж, Москва, Ленинград хотод ирж байжээ. Үүнээс хойш 27 жилийн дараа тэр манай асуулт хариултын уралдааны гуравдугаар байрт шалгарсанд бид баяртай байна.
     Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд олон сайхан хариулт хүлээж авсныг бид дээр дурдсан. Тиймээс шүүгчдийн шийдвэрээр 2 хүнд урамшуулах шагнал олгохоор шийдлээ. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1-р багийн малчин Болортулгад энэ шагналыг гардуулна. Энэ бүсгүй аавдаа мал хариулахад нь тусалдаг байна. Болортулга “Оросын дуу хоолой радиог”-ийн нэвтрүүлгийг өдөр бүр сонсдог бөгөөд асуулт хариултын уралдаанд анх удаа оролцож, их сайн хариулсан байна. Болортулга аа, танд баяр хүргэе. Та одоо биднийг сонсож байгаа гэж найдаж байна. Харамсалтай нь та холбоо барих утсаа бичээгүй байна. Танд урамшуулах шагнал олгох болсныг мэдсэн эсэхээ бидэнд яаралтай бичээрэй.
    Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суугаа өндөр настан Равдансамбуу, түүний эхнэр Дарьсүрэн нарт хоер дахь урамшуулах шагналыг гардуулна.
    Эрхэм анд нөхдөө, хэрэв та бүхэн санаж байгаа бол бид асуулт хариултын уралдаанд оролцсон хамгийн ахмад болоод бяцхан сонсогчийг шагнахаар амласан. Харамсалтай нь энэ удаагийн асуулт хариултын уралдаанд цөөн сурагч оролцлоо. Уралдаанд оролцсон хүүхдүүдийн захидлыг уншаад бид сэтгэл хангалуун байна. Өвөрхангай аймгийн Сант сумын дунд сургуулийн 5-р ангийн сурагч Жаргалсайханы Үүрцайх уралдаанд оролцсон хамгийн бяцхан сонсогч болжээ. Ж.Үүрцайх товч хирнээ бүх асуултанд зөв хариулсан байна. Үүрцайхын аав Жаргалсайхан, ээж Цэцэгбадам нар охиноо Улаанбаатарт ирэхэд нь тусална гэж найдаж байна.
   Манай уралдааны хамгийн ахмад оролцогчоор 2 хүн шалгарлаа. Өдгөө нас сүүдэр 88-тай Улаанбаатар хотын сансар дүүргийн оршин суугч эрхэм Д.Дэнзэн гуай юм. Мөн Монгол Улсын нийслэлийн Баянгол дүүргийн оршин суугч 87 настай Бул Халтар гуай аж.
Асуулт хариултын уралдааны болзлын дагуу нэг шагналын эзнийг тодруулах үлдлээ. Уралдаанд хамгийн түрүүнд хариултаа илгээсэн хүнийг шагнахаар тогтосныг эрхэм сонсогч та санаж байгаа биз ээ. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн оршин суугч Ч.Зэндэмэнэд энэ шагналыг гардуулна. Бид түүний хариултыг 2007 оны 12-р сарын 20-оор электрон шуудан буюу и-мэйлээр хүлээн авсан юм.
    Ингээд шагналын бүх эздийг тодрууллаа. Тэд өөрсдийнхөө нэрийг сонссон гэж найдаж байна. Одоо та бүхэн анхаараарай! Асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол 6-р сарын 26-нд 16 цагаас Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болно.
   Одоо шүүгчдийн ахлагч, ЗХУ-ын хоер удаагийн баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Виктор Васильевич Горбатког микрофоны өмнө урьяа. “Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн эрхэм сонсогчид оо, та бүхэн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн үйл ажиллагаа, тус байгууллагын анхны дарга Семен Михайлович Буденныйн намтар, миний сансарт ниссэн талаар их сайн мэддэг нь бидэнд таатай байна. Уралдаанд түрүүлсэн болоод шагналт байранд шалгарсан хүмүүст чин сэтгэлээсээ баяр хүргэж, уралдаанд оролцсон хүн бүрт талархал илэрхийлье. Та бүхэн цаашид ч манай нийгэмлэгийн үйл ажиллагааг сонирхож, монгол оросын ард түмний найрамдалд түлхэц болно гэдэгт найдаж байна. Та бүхэнд их баярлаллаа!» гэж В.Горбатко хэллээ.
    Төгсгөлд нь багахан зарлал сонордуулъяа. Асуулт хариултын уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд өнгөрсөн жил Орос хэлний жилд зориулсан уралдаанд түрүүлсэн хүмүүсийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тухайлбал: Монгол Улсын нийслэлийн оршин суугч, манай радиогийн байнгын сонсогч, өндөр настан Ц.Рагчаа, Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Дашринчин, Иргэний нисэх хүчний удирдах газрын захиргааны хэлтсийн менежер Түдэвийн Батжаргал, оюутан Ж.Соёмбо, “Евро-Ази” дээд сургуулийн англи-орос хэлний 4-р дамжааны оюутан Б.Хишигзул, “Баянгол” зочид буудлын ажилтан Галсандоржийн Чимэддулам нар юм. Эрхэм анд нөхдөө, Орос хэлний жилд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн та бүхэнд өнгөрсөн жил гардуулаагүй диплом, баярын бичгийг энэ үдэш өгнө. Өнгөрсөн, мөн энэ жил зохион явуулсан асуулт хариултын уралдааны ялагчдад ирэх зургаадугаар сарын 26-нд шагнал гардуулах ёслолд тэдний анд нөхөд, ойр дотны хүмүүс ирнэ гэж найдаж байна. Мөн “Найрамдал” радио сонсогчдын клубынхан ирнэ гэж найдаж байна.
Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны дүнг танилцууллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>