Стратегийн зориулалттай пуужингийн цэргийг /СЗПЦ/ хөгжүүлэх нэн шаардлагатай байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт төрийн тэргүүний албыг хүлээж авсны дараа ажлын анхны айлчлал хийхдээ энэ тухай мэдэгдэв. Д.Медведев пүрэв гаригт Москвагаас зүүн хойд зүгт орших стратегийн зориулалттай пуужингийн ангид очсон юм. СЗПЦ-ийг хөгжүүлэх тухайд тэрээр хэлэхдээ: «Субъектив, объектив янз бүрийн шалтгааны улмаас бид 1990-ээд онд хүнд байдалд байсан. СЗПЦ-ийг маш удаан хөгжүүлж байсан. Харин сүүлийн үед урагшлах хөдөлгөөн ажиглагдаж байна. Өнөөгийн гол зорилт энэ эрчийг сулруулахгүй байх явдал билээ. Ойрын үед СЗПЦ-ийг хөгжүүлэхэд 25 тэрбум рублийн санхүүжилт олгохоор болсон гэж Орос улсын ерөнхийлөгч мэдэгдэв. Дэлхийн ертөнцөд байгаа орчин үеийн аливаа аюул заналд бэлэн байхын тулд пуужингийн цэрэгт ойрын жилүүдэд шаардлагатай санхүүжилтыг олгох ёстой гэж тэр хэлэв. СЗПЦ өнөө үед зэвсгээ шинэчилж байна. СЗПЦ “Тополь-М” газрын шинэ хөдөлгөөнт цогцолбортой болсон. Энэ цогцолборын пуужингууд өмнөх ийм төрлийн бүх зэвсгээс илүү хурдтай юм. Удирдлагын хэдэн арван туслах хөдөлгүүр, аппаратур дайсны төсөөлөх ч үгүй газар нислэг үйлддэг. 10 мянган км зайд тусдаг байна. Орос улсын ерөнхийлөгчийн очсон пуужингийн тавцангийн эхний хэсэгт ийм цогцолборуудыг тавьжээ. Д.Медведев пүрэв гаригт байлдааны удирдлагын жижүүрийн сэлгээ, пуужин хөөргөх практик ажиллагаатай танилцлаа. Фашистын Германыг ялсны 63 жилийн ойг тохиолдуулсан Москвад болсон жагсаал цуглаанд “Тополь-М” цогцолборыг танилцуулсан тухайд төрийн тэргүүн хэлэхдээ, энэ нь зэвсгээр далайлгах бус Оросын Зэвсэгт хүчин, уламжлалыг хүндэтгэж байгаа хэрэг юм. Орос улсын цэргийн номлолд цөмийн пуужингийн зэвсэг нь халдан түрэмгийллийг тогтоон барих, аюулгүй байдлыг хангах, олон улсын харилцаанд тогтвортой байдлыг хадгалах гол хүчин зүйл хэмээн заасан байдаг.

Орчуулагч Г.Нарангарав

сонсох