Foto http://www.kremlin.ruМонгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр Москвад хоёр өдрийн ажлын айлчлал хийлээ. Тэрээр эх орондоо буцахын өмнө буюу 5-р сарын 16-нд орос улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнд мэдэгдэл хийв. Юуны түрүүнд Монгол Улсын ерөнхийлөгч Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзсан тухайгаа ярилаа. «Орос улсын ерөнхийлөгчийн албыг хүлээж авснаас хойш Д.Медведевтэй би анх удаа яриа хэлэлцээ хийсэн гэж бодож байна. Ерөнхийлөгч Д.Медведевтэй маш өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцлээ. Манай улсын нутаг дэвсгэрт хамтарсан хэд хэдэн байгууллага бий. Олон жилийн түүхтэй энэ хамтарсан байгууллагуудыг сайжруулах практик алхам, арга замын талаар бид санал солилцсон юм. Юуны түрүүнд 1949 оноос үйл ажиллагаа явуулж байгаа “Улаанбаатар төмөр зам” компаний тухай ярилаа. Улаанбаатар төмөр замын хууль эрхийн үндсийг сайжруулах, Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн оролцоотой тус байгууллагыг сайжруулах тухай ярилаа. Бид Монгол улсын эдийн засагт оросоос хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцсэн. Орос улсын “Базовый элемент”, “Ренова”, “Северосталь”, “Газпромбанк” зэрэг томоохон корпорациуд Монгол улсын нүүрс, зэс, мөнгө, уран зэрэг ашигт малтмал олборлох салбарт төсөлд хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах сонирхолтой байна. Зүүн хойд болон төв Азийн бүс нутагт хамтран ажиллах асуудлыг бид хэлэлцлээ. Монгол Улс Зүүн хойд азийн энх тайван, аюулгүй байдлыг механизмыг боловсруулахад оролцох, мөн Ази Номхон далайн бүс нутгийн нийт бүс нутгийн үндсэн форумын ажилд оролцох бидний хүсэлтийг Орос улс дэмжиж байна.
       Бид Халхын голын ялалтын 70 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ гэж Монгол Улсын ерөнхийлөгч хэллээ. Энэ бидний хамтын ялалт. Монгол улсын нутаг дэвсгэрт өнгөлзөгч дайсныг ялахад ЗСБНХУ, оросын ард түмэн хамгийн их хувь нэмэр оруулсан. Ерөнхийлөгчийн ивээл дор энэ арга хэмжээг тэмдэглэнэ. 2009 онд тэмдэглэх Халхын голд японы цэргийг бут цохисон ойн арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгчийг оролцохыг урьсан. Тэрээр урилгыг талархан хүлээн авсан бөгөөд ирнэ гэж найдаж байна» гэлээ.
      Холбооны Зөвлөлийн дарга Сергей Мироновтой хийсэн уулзалтын талаар Н.Энхбаяр ийнхүү ярилаа: «Эртний анд Сергей Михайловичтай уулзахад надад таатай байлаа. Тэрээр монгол орныг сайн мэднэ. Тэр ч бүү хэл зарим газрыг монголчуудаас ч илүү сайн мэднэ. С.Миронов манай оронд 10 жил геологичоор ажиллаж, монгол орноор хөндлөн гулд аялсан хүн. Албаны үг хэлэлгүй бид бие биенээ сайн ойлгоцлоо. Оросын парламентын дээд танхим, Монгол Улсын УИХ цаашид хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Орос, Монголын өнөөгийн харилцаа болоод Москвад хийсэн богино хугацааны айлчлалын дүнд би сэтгэл хангалуун байгааг эцэст нь тэмдэглэе. Хоёр орны харилцаа урагш хөгжиж байгааг өнөөдөр сэтгэл хангалуун тэмдэглэмээр байна» гэж Н.Энхбаяр хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>