Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр 5-р сарын 16-нд Орос улсад богино хугацаагаар айлчилж, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзлаа. Уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн асуудлаарх харилцан сонирхол, орос-монголын харилцааны өргөн хүрээг хэлэлцлээ. Монгол Улсын ерөнхийлөгч 1980 онд төгсөж, зохиолч-орчуулагчийн диплом өвөртөлсөн Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд өнөөдөр өглөө очлоо. Төрөлх сургууль нь нэрд гарсан төгсөгч ноён Н.Энхбаярыг халуун дотно хүлээж авав. Монгол Улсын ерөнхийлөгч Утга зохиолын дээд сургуулийн ректор, нэрд гарсан уран зохиолч, философич, хэл бичгийн ухааны доктор Борис Тарасов, 28 жилийн тэртээ сурч байсан дээд сургуулийн багш нартайгаа Эрдэмтдийн зөвлөлийн хурлын танхимд цайллаа. Түүнийг төгссөнөөс хойш тус дээд сургуульд ямар өөрчлөлт гарсан, мөн ирэх 12-р сард тус дээд сургууль 75 жилийнхээ ойг тэмдэглэх тухай ректор ярив. Дээд сургуулийн ойн ёслолд төгсөгчдөө тэр дундаа Монгол төгсөгчдөө урих юм. Дээд сургуулийн ректор ноён Энхбаярыг 12-р сарын 3-нд ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урилаа. Дээд сургуулийн хамгийн том танхимд ноён Н.Энхбаяр оюутнуудтай уулзав. Одоогоор тус дээд сургуульд 326 залуус сурч байна. Монгол Улсын ерөнхийлөгчтэй тэд бүгд уулзахаар ирсэн бололтой. Танхим дүүрэн оюутнууд цуглажээ. Хурлын танхимын тайзан дээр ерөнхийлөгч Н.Энхбаярын оюутан ахуйн зургийг тавьсан нь түүнд гэнэтийн бэлэг боллоо. Уулзалтыг дээд сургуулийн ректор Борис Тарасов нээж үг хэлэв. «Өнөөдөр бидэнд баярт үйл явдал тохиож байна. Манай дээд сургуулийг төгссөн Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр манай утга зохиолын сургуульд хүрэлцэн ирсэнд бид баяртай байна. Улс төрд зүтгэж, цаг зав хомсдсон ч, ноён ерөнхийлөгч уран зохиолоо орхилгүй орчуулга хийсээр байгааг тэмдэглэхэд надад таатай байна. Төр засгийн өндөр алба хашихдаа Монгол Улсад сүм хийдийг сэргээх, оросын сонгодог уран зохиолыг түгээн дэлгэрүүлэхэд тэрээр их зүйл хийсэн. Ноён Н.Энхбаяр Николай Гоголийн “Петербургийн туульс”, Лев Толстойн “Хүүхэд ахуй” зэрэг бүтээлийг гайхалтай орчуулсан билээ. Орчин үеийн нийгэмд оюуны уламжлалыг хадгалсны төлөө бид ноён ерөнхийлөгчид манайд дээд сургуулийн хүндэт докторын нөмрөг, диплом гардуулна. Орос улсын энэ шагналыг тэрээр анх удаа авч байгаа юм биш ээ. Ноён Н.Энхбаяр Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын хүндэт гишүүн, Буриадын их сургуулийн хүндэт доктор юм. Орос улсын ерөнхийлөгч асан В.Путин өнгөрсөн жил Монгол Улсын ерөнхийлөгчид “гадаадад орос хэлийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд” гаргасан гавьяаг үнэлэн медаль гардуулсан байна».
Танхимд цугларагсад алга нижигнүүлэн ташихад Борис Тарасов ноён Н.Энхбаярт хүндэт докторын диплом гардуулж, мөнгөн утсаар оёсон нөмрөг өмсгөв. Монгол Улсын ерөнхийлөгчид энэ хувцас их таалагдсан бололтой. Тэрээр хэлэхдээ: «Би өнөөдөр 1980 онд төгссөн төрлөх сургуульдаа ирсэндээ их баяртай байна. Ялангуяа энэ уулзалт болж байгаа танхим надад онцгой үнэ цэнэтэй. Би энд хүндэт багш нарынхаа нэг Траутбергийн киноны түүхийн тухай лекцийг сонсдог байлаа. Хүндэт докторын хэргэм хүртэж, энэ сайхан нөмрөг бэлэглэсэнд талархаж байна». Ноён Н.Энхбаяр оюутан ахуй үеэ дурслаа. «Бид энэ сургуульд 1975-1980 онд сурч байсан. Энэ үеийг “зогсонги жилүүд” гэж нэрлэж болно. Харин оюутан бидэнд энэ үе бол маш онцгой, идэвхтэй он жилүүд байлаа. Бид гар бичмэл уншиж, Таганк дахь театрын жүжиг үзэхийн тулд дараалалд зогсож, тухайн үеийн зөвлөлтийн хамгийн нэрд гарсан яруу найрагчдын албан бус яруу найргийн үдэшт очдог байсан. Бид байнгын эрэл хайгуул, танин мэдэхүй, сонголтын уур амьсгалын дунд сурч байсан. Бид их аз жаргалтай байсан. Надад уран зохиолын гайхалтай ертөнц, орос, өрнөдийн соёлыг таниулсан сайхан багш нар минь байсан. Тэд наймайг боловсролтой хүн болгосон. Үүнд дөрөөлөн би улс төрд зүтгэж байна».
Монгол Улсын ерөнхийлөгч Утга зохиолын дээд сургуулийн оуютнуудын уулзалт цаг гаруй үргэлжилсэн. Албан ёсны шагнал гардуулах ёслолын дараа ноён Н.Энхбаяр залуучуудын асуултанд хариулав. Тухайлбал: Орчин үеийн жүжгийн зохиолын талаар та ямар бодолтой байна вэ? Орос, Монгол улсын соёлын салбарт хамтран ажиллах үндэс суурь нь юу вэ? Ямар уран зохиолыг илүүд үздэг вэ? зэрэг асуулт тавив. Оюутнуудын нэг нь Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяраас монголын орчин үеийн яруу найргийн талаар сэтгэгдлээ хэлж, монгол хэлээр шүлэг уншихыг хүссэн юм. Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлж, ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Л.Хангайг шүлэг уншихыг хүссэн юм. Ерөнхийлөгч хүнд үед ороход элчин сайд аврах ёстой гэж тэр хэлэхэд ноён элчин сайд Л.Хангай гайхахад, оюутнууд цагаанаар инээлдэцгээлээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>