5-р сарын 9-нд Орос улсад Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдрийг улс даяар тэмдэглэж байна. Зөвлөлтийн арми нацистын Германыг ялсны 63 жилийн ойн ёслолын арга хэмжээ болж байна. “Оросын дуу хоолой” радио сонсогчидтойгоо хамт энэ ойг тохиолдуулан “Дурсгалын амьд ном” бүтээлээ. Дэлхийн олон арван орны иргэд фашизмыг нухчин дарж, дэлхийн улс оронд гэрэлт ирээдүйг бэлэглэсэн ард түмний гавьяаг хүндэтгэсэн дурсгалын бэлэг тэмдгийн зохиогч боллоо. “Ялалтад Ура” гээ уриан дор “Дурсгалын амьд ном” ер бусын мультимедиа төслийн аян өрнөсөн юм. Хүн төрөлхтнийг хүрэн тахлаас чөлөөлөхөд амиа өргөсөн цэргүүд, ахмад дайчдад дэлхийн өнцөг булан бүрээс хүндэтгэл үзүүлж байв. Их Британи, Герман, Грек, Гүрж, Итали, Лива, Эстон зэрэг олон орны иргэд манай энэ номонд өөрсдийн санаа бодлоо мөнхөллөө. Ялалтын өдрөөс хойш 60 гаруй жил болсон ч, зөвлөлтийн ард түмний байгуулсан гавьяа бүх насны хүмүүсийн оюун санаанд мөнхөд хадгалагдсаныг номын хуудсыг эргүүлэхэд эрхгүй мэдрэгдэнэ. “Оросын дуу хоолой” радиогийн нэгдүгээр орлогч дарга Андрей Давыденко ярьж байна: «Дэлхийн олон арван орны залуус төсөлд хамгийн идэвхтэй оролцож байгаа нь чухал юм. Манай сонсогчид и-мэйл буюу электрон шуудангаар захидал, мөн гар утсаар мессеж илгээж байна. Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчдад чин сэтгэлээсээ талархасан мөрүүд дурайж байна. Ахмад дайчдын гавьяаг хэзээ ч мартахгүй болохоо “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчид тэмдэглэжээ. Энэ ялалт дэлхийн ертөнцөд ямар ач холбогдолтой байсан? Энэ баатарлаг гавьяа хүн төрөлхтөнд юу өвлүүлж, юунаас аварсан бэ? зэрэг асуултын хариуг тунгаан бодох үүднээс “Дурсгалын амьд номыг” бүтээсэн билээ. Энэ асуултуудын хариуд бид маш сонирхолтой захидал хүлээж авлаа. Ирсэн бүх захидлыг интернет вэб хуудсанд тавьсан».
      Зөвлөлтийн цэргүүдийн эр зоригт талархасан, сэтгэл хөдөлгөсөн мессеж гар утсаар ирж байлаа. Дайны баатар, үүнд өртсөн хүмүүсийг мартана гэдэг төрсөн үрээсээ урваж байгаагаас өөрцгүй хэмээн бичжээ. Гүржийн сонсогч баярын мэнд дэвшүүлээд, “Би 1983 онд төрсөн. Дэлхийн 2-р дайны тухай баримтат кино, өвөөгийнхөө ярианаас мэдэж авсан. Энэ бол үнэхээр жинхэнэ Аугаа их ялалт. Дайнд оролцсон хүн бүрт ялалт байгуулсанд гүнээ талархаж байна. Ура-Ялалт”гэжээ. Грект суугаа манай нутаг нэгт гэр бүлийнх нь бүх эрэгтэй Ялалтын төлөө амиа өргөсөн тухай бичжээ. “Ах маань фронтод очихын тулд насаа 2 жилээр нэмж хэлсэн. Тэгээд нисгэгч болоод онгоцтойгоо үрэгдсэн.”гэжээ. Эстоноос чөлөөлөгч дайчдад талархасан мессеж илгээсэн байна. “Аугаа их ялалтын тухай дурсамжийг хэн ч биднээс салгаж чадахгүй. Олон сая хүний амь насаар энэ ялалтад хүрсэн. Энэ бүхнийг мартана гэдэг амь үрэгдэгсдийн дурсгалыг мартаж байгаа хэрэг. Бид энэ дурсамжаа үр хүүхэд, хойч үедээ дамжуулна. Ура Ялалтын баярын мэнд” гэжээ. “Оросын дуу хоолой” радиогийн ер бусын төсөл биднийг баатарлаг, эмгэнэлтэй, цус урсгасан дайны жилүүдэд аваачлаа. Цаг хугацаа байрандаа байдаггүй. Хил хязгаар, улс орны нэр өөрчлөгдөж, өнгөрсөн үе, одоо, ирээдүйн талаарх үзэл бодол өөрчлөгдөж байна. Зөвхөн ард түмний өгөөмөр, мөнхийн дурсамж мөнхөд өөрчлөгдөхгүй. Төслийн хүрээнд “Ура, танай хотод ялалтын баяр” сэдэвт уралдаан явуулна. Уралдаанд оролцогчид Ялалтын баярыг хотдоо хэрхэн тэмдэглэсэн тухай видео бичлэгийг илгээх юм. Уралдаанд түрүүлсэн хүмүүсийг “Оросын дуу хоолой” радиогийн “Аугаа эх орны дайн” мультимедиа цомогоор шагнана.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>